Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

О.Должин | Zindaa.mn
9 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас малчид, иргэд, тээвэрчдэд зориулан ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

24-25-нд шилжих шөнө баруун болон хойд аймгуудын зарим сумдын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим сумдын нутгаар цас орно.

Мөн 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх, баруун, хангай, зүүн аймгуудын зарим сумдын нутгаар, 26-ны өдөр төвийн аймгуудын зарим, зүүн аймгуудын ихэнх сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

27-нд төв болон зүүн аймгууд, Дорноговийн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи 25, 28-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

25-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 22-27 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус хүйтэн байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид цас, цасан шуурга болон хүчтэй салхины үед зам, даваа гүвээ хаагдах эрсдэлээс сэрэмжилж, цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top