Туркийн Анталья хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх СОР31 дээд хэмжээний уулзалт хамтарсан тунхаг баталж чадалгүй өндөрлөжээ. Оролцогчид уулзалтын тунхагт олборлодог түлшнээс татгалзах, хөгжиж буй орнуудад нөхөн төлбөр олгох асуудлыг тусгах эсэх тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Антальягийн тохиролцоо гэж нэрлэгдэх ёстой байсан баримт бичгийн төсөлд газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг багасгах шууд уриалга тусгагдаагүй байсныг Панама, Вануату, Маршаллын арлууд болон Европын орнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон олборлодог түлшийн талаар дурдаагүй тунхагийг дэмжих боломжгүй гэж Европын Холбоог даргалж байгаа Ирландын уур амьсгалын сайд Дарра О'Брайен мэдэгджээ.
Саудын Араб тэргүүтэй газрын тос олборлогч орнуудын тавьсан шаардлагын дагуу уламжлалт түлшний хэрэглээг бууруулах үүргийн талаар тус баримт бичигт дурдаагүй байна. Саудын Арабын төлөөлөгчид үүний оронд агаар мандлаас нүүрстөрөгчийг ялгаж авах технологийг нэвтрүүлэх үүргийг тунхагт тусгахыг санал болгосон байна.
Харин эсэргүүцэгч тал энэхүү уриалгаар газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг одоогийн түвшинд хадгалан, нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандлаас ялган авч, газар доор хадгалах өндөр өртөгтэй технологи “шахахыг” оролдож байна гэж шүүмжилжээ.
Хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын бүлэг тунхагт хөгжиж буй орнуудад нөхөн төлбөр олгох зорилго бүхий 120 тэрбум ам.долларын сан байгуулах тухай заалт ороогүйд дургүйцлээ илэрхийлэв.
Эл маргааны дунд 11 жилийн өмнө Парис хотноо тогтоосон агаарын температурыг 1.5 градусаар нэмэгдүүлэхгүй байх зорилго бүдгэрснийг шинжээчид онцолсон байна. 2015 онд баталсан графикийн дагуу олборлодог түлшний хэрэглээ буурахгүй байгаа тул хэдэн жилийн дараа дэлхий дахин агаарын температурын аюултай босгыг давна гэж эрдэмтэд анхааруулж байна. Энэ нь олон сая хүний хувьд хэт халалт, далайн усны түвшин нэмэгдсэн нөхцөлд амьдрана гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )