Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл 2023–2026 онд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад агаарын чанарын мониторингийн шинэ тогтолцоог бүрдүүлж, өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хязгаарлагддаг байсан хяналтыг улс орон даяар өргөжүүллээ. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг, нийслэлийг хамарсан мониторингийн сүлжээ бодит цагийн мэдээллээ иргэдэд хүргэж эхэлж байна.
Төслийн хүрээнд: 8.9 сая ам.долларын төсөвтэй уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд дараах үзүүлэлтүүдийг хэмжих агаарын чанарын автомат станцууд суурилуулж байна.
Үүнд:
Хүхэрлэг хий (SO₂),
Азотын ислүүд (NO₂),
PM2.5, PM10 тоосонцор,
Озон (O₃),
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), цаг уурын үндсэн үзүүлэлтүүд орно.
2024 онд Дархан-Уул, Орхон аймагт 6 үзүүлэлт хэмжих станц суурилуулсан бол 2025 онд 19 аймагт агаарын чанар болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих анализаторуудыг суурилуулж дууссан байна.
Мөн агаарын чанар, цаг уурын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лаборатори-ийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгөөд байна. Чадавх бэхжүүлэлт төслийн хүрээнд 21 аймагт тоног төхөөрөмжийн тохиргоо, засвар үйлчилгээний сургалт, БНСУ-д 2 удаа (нийт 50 албан хаагч), Улаанбаатар хотод 3 удаа (50 орчим албан хаагч) сургалтыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )