НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил 52-94% үргэлжилж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Улаанбаатар хотноо ирэх сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан байна. Уг хороо нь 12 дэд хороотой ажиллаж байгаа аж. Тухайлбал Харилцаа холбооны дэд хорооны бэлтгэл ажил 52%, барилга байгууламж хариуцсан дэд хорооны бэлтгэл ажил 67% үргэлжилж байна.
“Одоогийн байдлаар 4127 хүн “КОП-17”-д оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна. Хуралд оролцохоор шадар сайдын түвшний нэг, Байгаль орчны сайд болон салбар хариуцсан сайдын түвшний 66, дэд сайд 29, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дөрөв, НҮБ-ын агентлагийн удирдлагын түвшний тав, банк санхүүгийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таванхүн бүртгүүлсэн байна” гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.
КОП-17 бага хуралд дэлхийн 196 улсын төлөөлөл ирэх бөгөөд 84 улс нь манай улсад визний хөнгөлөлт чөлөөлөлттэй байдаг. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэрэв дунджаар 6000 хүн Монгол Улсад ирвэл зочид буудал, хоол, бэлэг дурсгал, худалдан авалт зэргээс 150 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн 6000 хүнээс доош бол 120 орчим тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх тооцоотой байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд цэнхэр, ногоон гэсэн хоёр бүстэй байна. Цэнхэр бүсэд олон улсын зочид төлөөлөгчдийн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болно. Харин ногоон бүсэд олон нийт хурлын үйл ажиллагаатай танилцах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )