“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд – Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд – Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна. Чуулганыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хирошимагийн их сургууль, Лома Линдагийн их сургууль болон бусад түнш байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна.


Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ: “Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалахын тулд бид юу хийж чадаж байна вэ? Өвдсөн хүнд чанартай тусламж үзүүлэх нь бидний үндсэн үүрэг. Үүний зэрэгцээ өвчлөх эрсдэлийг нь бууруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бид нийгмийн эрүүл мэндийг салбарын бодлогын тэргүүн эгнээнд тавьж байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсад нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас баралтын 43 хувь нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9 жил буюу 66.4 болон 75.1 жил байгаа нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 12-нд баталсан. Үүний хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь эхлүүлэх шилжилтийн үе шатанд ажиллаж байна. Энэ хүрээнд төв болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, хүний нөөц, лаборатори, тандалт, судалгааны чадавхыг бэхжүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч байгааг сайд тэмдэглэв.


Чуулганаар дараах үндсэн чиглэлээр салбар хуралдаан, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж байна.

• Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц: Нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, хүний нөөцийн чадавх, олон улсын туршлага, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
• Өгөгдөл, тандалт ба мэдээллийн ухаалаг систем: Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалт,
• Хүн амын эрүүл мэндийн байдал, өвчний ачаалал: Халдварт бус өвчний тархалт, зүрх судасны өвчний ачаалал, эрсдэлт хүчин зүйлс, эрүүл мэндийн тэгш бус байдал, анхан шатны тусламж үйлчилгээний оролцоо,
• Нийгмийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалт: Эрүүл мэндийг дэмжих сангийн менежмент, хөрөнгийн хуваарилалт, ашиглалт, үр дүнг сайжруулах асуудал. Нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэйг олон улсын судалгаа, туршлага харуулж байна.


Тухайлбал: ДЭМБ-ын 2023 оны мэдээллээр тамхины хяналтад оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт 7.4 ам.долларын эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой. Мөн цусны даралт ихсэх өвчний эмчилгээний хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлснээр жилд ойролцоогоор 450 тархины харвалтын тохиолдлоос сэргийлэх боломжтой гэсэн тооцоо бий. Финландын “North Karelia” төслийн үр дүнд 30 жилийн хугацаанд зүрх судасны өвчний нас баралт 80 хувиар буурсан туршлагаас гадна БНСУ, Тайланд зэрэг улсын эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, урьдчилан сэргийлэх хөрөнгө оруулалтын сайн туршлагыг чуулганаар хэлэлцэж байна.Мөн бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангийн орлого бүрдүүлэлт, хөрөнгийн хуваарилалт, санхүүжилтийн тогтолцоо, засаглал, шийдвэр гаргалт, үр дүн, хариуцлагын асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох байгууллагын төлөөлөл хэлэлцэнэ.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар судлаачдад хандан судалгааны үр дүнг танилцуулахаас гадна тэдгээрт үндэслэн ямар бодлогын шийдвэр гаргах, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтойг тодорхой санал болгохыг хүсээд: “Судалгаа бидний өдөр тутмын шийдвэрт тусах ёстой. Аль асуудлыг түрүүлж шийдэх вэ, төсөв, хөрөнгө оруулалтаа хаана төвлөрүүлэх вэ, авсан арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу гэдэг асуултад бид баримтад тулгуурлан хариулна” хэмээн онцоллоо. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг салбарын бодлого, төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэрт тусган хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын эцсийн үр дүн нь өвчлөл буурч, эрүүл амьдрах орчин сайжирч, иргэдийн эрүүл наслах хугацаа уртсах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top