Тээврийн цагдаагийн албыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах төрийн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн Тээврийн цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. 

1936 оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс байгуулснаар тус алба байгуулагджээ. 

Улс орны эдийн засаг, хүн ардын аж амьдралын гол судас болсон төмөр замын тээвэр, агаарын хил, нисэх буудлын онцгой бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг тус албаны ойд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, салбарын үе үеийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. 

Тэрбээр, халуунд халж, хүйтэнд хөрч, эрдэнэт хүний амь нас, амар амгалан, улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, амралт, баярын өдрүүдэд ч үүрэг гүйцэтгэдэг монгол цагдаа Та нартаа баярлалаа. 

Хотжилт тэлж, тээврийн хэрэгслийн тоо, хэрэглээ өсөж, хөдөлгөөний эрчим нэмэгдэж, тээврийн харилцаа улам өргөжин хөгжиж буй энэ цаг үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнд шинжлэх ухаан, техник, технологийн ололт нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоонд тулгуурлах нь эрсдэл, осол, зөрчлөөс сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэх онц чухал үүрэг даалгавар болж байна. Ахмад үеийнхнийхээ арвин туршлага, өв уламжлалыг шинэ цагийн дэвшил, бүтээлч санаачилга, орчин үеийн мэдлэг, технологитой хослуулан, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж шинэ түүхээ үргэлжлүүлэн бичихэд онцгой анхаарахад Засгийн газар дэмжиж ажиллана гэв. 

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл хэрэг нь зөвхөн цагдаагийн байгууллагын  бус, төр, хувийн хэвшил, хүн бүрийн үүрэг хариуцлага билээ. Хөдөлгөөнд оролцогч бүр хууль, дүрмээ сахин биелүүлж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлан хамгаалах хүнлэг соёл, хууль ёсыг сахих нь чухал. 

Тээврийн цагдаагийн албыг Төрийн цэргийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь тангараг өргөсөн, мөрдөс зүүсэн үе үеийн албан хаагч, нийт бие бүрэлдэхүүний эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хууль ёс, шударга ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ юм. Энэ бол зөвхөн өнгөрсөн цаг хугацааны ч бус өнөөдөр, маргаашийн хүлээх үүрэг, хариуцлага, ирээдүйн хөгжлийн зорилгодоо хүрэх урам зориг, итгэл найдварын илэрхийлэл гэдгийг тэмдэглээд Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top