Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
37 минутын өмнө

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрчээ.

Судалгааны үр дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.

Хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар 2024 оны есдүгээр сарын 3-нд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Эгийн голын УЦС-ын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд хэрхэн нөлөөлж болзошгүй эсэхийг судлах Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм.

Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хоёр жилийн хугацаанд судалгаа хийж, төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрсэн байна.

Хамтарсан ажлын хэсэг судалгааны урьдчилсан дүгнэлтээ энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top