Европын Холбоо олон мянган га усан үзмийн талбайг устгаж байна

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

 

Дэлхий даяар дарсны хэрэглээ түүхэн доод хэмжээнд хүрч буурсантай холбоотойгоор Европын Холбоо усан үзмийн тариалангийн талбайгаа багасгаж байна.

Нийт 221 сая гектолитрээр үнэлэгдэж буй дэлхийн дарсны хэрэглээ сүүлийн гуч гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Францад 2024 оноос хойш 40 мянга орчим га усан үзмийн талбайг устгасан бөгөөд 2026 онд нэмж 20 мянга орчим га талбайг устгахаар төлөвлөж байна.

Дэлхийн дарсны хэрэглээнд Европын холбооны эзлэх хувь 2000 онд бараг 60 хувь байсан бол өдгөө 48 орчим хувь болж буурсан байна. Эрэлт ийн буурсан нь улаан болон ягаан дарсны үйлдвэрлэлд нөлөөлж, илүүдэл нөөц нь дарсны үнэ болон үйлдвэрлэгчдийн орлогод дарамт учруулсан хэвээр байна.

Шинжээчдийн тооцооллоор, Францын дарсны үйлдвэрлэл 2026–2027 оны улиралд 33.8 сая гектолитр болж буурах бөгөөд энэ нь сүүлийн таван жилийн дунджаас 15 хувиар доогуур үзүүлэлт юм.

Үүнтэй зэрэгцэн Германд эрэлт буурсантай холбоотойгоор усан үзмийн талбайг устгах, дарсыг нэрж спирт болгох хөтөлбөрүүдийг эхлүүлжээ. 2026 оны гуравдугаар улиралд Германы дарсны борлуулалтын хэмжээ 10.2 хувиар, орлого нь 10.3 хувиар тус тус буурсан байна.

Испанид үйлдвэрлэл 34.5 сая гектолитр болж өсөх төлөвтэй байгаа ч дотоодын хэрэглээ нь жилийн дотор найман хувиар буурчээ. Эрэлт болон экспорт буурсан нь ялангуяа улаан дарсны үнэд сөргөөр нөлөөлж, усан үзмийн тариалан эрхлэлтийг ашиггүй болгож байна.

Европын Холбооны дарс болон усан үзмийн шүүсний нийт үйлдвэрлэл 2026–2027 онд 133.6 сая гектолитр байх төлөвтэй байгаа нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс найм орчим хувиар бага юм.

Итали улсын үйлдвэрлэл 7.6 хувиар буурсан ч 41.1 сая гектолитр дарс үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус улс энэ үзүүлэлтээр Европын үйлдвэрлэгчдийн дунд тэргүүн байраа хадгалж үлдэхээр байна.

Уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн болон геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй үйлдвэрлэлийн зардал өсөх, дарсны хэрэглээн буурах зэрэг шинэ ссорилтуудтай тулгарч байна гэж “Copa-Cogeca” компанийн дарс үйлдвэрлэлийн ажлын хэсгийн дарга Лука Риготти мэдэгджээ.

Түүний хэлснээр, салбараа авч үлдэхийн тулд Европын үйлдвэрлэгчид шинэ зах зээл нээх, бүтээгдэхүүний нэр төрлөө өөрчлөх, мөн хэрэглэгчдийн, тэр дундаа залуучуудын сонирхлыг дахин татах шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top