Европын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Европын Төв банкны тэргүүн асан Марио Драги Европын Холбооны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, Драгийн төлөвлөгөө олон давуу талтай ч хэрэгжих замд нь улс төрийн олон саад тотгор учирна гэж шинжээчид үзэж байна. Учир нь Драгийн дэвшүүлсэн саналыг хэрэгжүүлэхийн тулд томоохон бизнесүүдийг зохицуулах зэрэг хүндрэлүүд гарч ирнэ.
Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг сүүлийн олон арван жилд АНУ, БНХАУ-ын хоорондын өрсөлдөөнөөр гол төлөв хэмжиж ирсэн. Харин Европт их гүрнүүдийн түвшинд дэлхий дахины өрсөлдөөнд оролцоход улам бүр хүндрэлтэй болж байна. Европын бараа бүтээгдэхүүнүүд зах зээлээ алдаж эхэлсэн нь үүний тод жишээ. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээллээр, Европын Холбооны бараа бүтээгдэхүүний экспортын дэлхийн худалдаанд эзлэх хувь 2003 онд 34 хувь байснаас 2022 онд 29 хувь болж буурав. Европын Холбоо ялангуяа өндөр технологийн бараа бүтээгдэхүүний талаар хэрэгжүүлж буй протекционист бодлогоо чангатгаж байгаа нь өрсөлдөх чадвартай холбоотой асуудал гүнзгийрч байгааг илтгэж байна. Европын комисс Хятадын цахилгаан автомашинд ногдуулах татварын хэмжээг 10 хувиас 35.3 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр үүний тод жишээ.
Протекционист бодлогыг чангатгаж байгаа нь Европын Төв банкны сүүлийн жилүүдэд тууштай тэмцэж байгаа инфляцын өсөлттэй мөн холбоотой гэж шинжээчид онцолжээ. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд Европт бүтцийн өөрчлөлт явуулах шаардлага тулгараад байна гэж үзжээ.
“Eurobarometer” судалгаанаас үзвэл, Европын Холбооны хүн амын 45 гаруй хувь Европ дахь зохицуулалт хэт хүндрэлтэй, маш олон шат дамжлагатай гэж үзсэн бол 52 хувь нь Европын Холбоонд захиргааны саад тотгор, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэдгийг онцолжээ. Санал асуулгаас үзвэл, Европын Холбооны өмнө тулгарч буй гол сорилтуудаас уур амьсгалын өөрчлөлт болон хууль бус цагаачлалыг тус бүр 33 хувь нь нэрлэжээ. Ингэхдээ европчуудын 29 хувь л инновацын салбарт Европын Холбоо тэргүүлж байгаа гэдэгт итгэдэг бол 23 хувь нь бусад улс орон тэргүүлдэг, 41 хувь нь Европын Холбоо энэ салбарт бусад өрсөлдөгчидтэй ижил түвшинд байдаг гэж үздэг байна.
Их зарцуулж, бага шийдэх
Европын Холбооны гол сорилтуудыг шийдвэрлэх ийм арга замыг Европын комиссын захиалгаар Марио Драги тэргүүтэй багийн бэлтгэсэн шинэчлэлийн стратегийн үндсэн чиглэл болгон тодорхойлжээ.
2012 оны өрийн хямралаас Европыг аварсан аврагч хэмээн нэрлэгддэг Драгид энэ удаа Европын Холбооны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулах илүү хүнд даалгавар оногджээ. Жил гаруйн хугацаанд тус баг 400 хуудас тайлан бэлтгэсэн байна. Драгийн төлөвлөгөө нь юуны өмнө эрчим хүч, харилцаа холбоо, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүтцийн өөрчлөлтийг аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн байна. Европын Холбооны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 800 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж судлаачдын баг үзжээ. Энэ нь Европын Холбооны ДНБ-ний 4.7 хувьтай тэнцэх хөрөнгө юм.
Хэдийгээр хувийн сектор хөрөнгө оруулалтаа ийм хэмжээнд хүргэж чадахгүй тул шинжээчид Европын Холбооны хэмжээнд зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлэхийг санал болгожээ. Мөн тэд Европын Холбооны гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийг нэгтгэх замаар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Европын Холбооны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг хөндсөн заалт Драгийн стратеги дахь хамгийн ач холбогдолтой бөгөөд маргаантай хэсэг болох нь тодорхой. Тухайлбал, Европын комисст компаниудын нэгдлийг зохицуулдаг дүрэм журмыг хялбарчлахыг санал болгож байна. Ингэснээр Европын Холбоонд АНУ болон Хятадын хүнд жингийн тоглогчидтой ижил түвшин өрсөлдөх чадвартай тоглогчид бий болно гэж үзжээ. Харин энэ санаанд сул тал бий. Учир нь Европын хэрэглэгчид зах зээл дээрх монополчлолын улмаас үнийн өсөлттэй нүүр тулах эрсдэл гарч ирнэ гэж шинжээчид үзэж байна. Томоохон тоглогчид хөрөнгийн эх үүсвэрээ нэгтгэх замаар инновацын салбарын санхүүжилтээ нэмэгдүүлнэ хэмээн тооцоолсон нь мөн сөрөг талтай. Учир нь монопол статустай компаниуд давамгайлсан байр сууриа хамгаалахын тулд инновацыг ашиглах нь бий.
Нөгөө талаар, хэрэв Европт дэлхийн зал зээл рүү түрэн орох шаардлага үнэхээр байгаа бол томоохон компаниудыг нэгтгэх, улам томсгохоос нааш боломж тун бага. Тэр тусмаа, Хятадын өрсөлдөгч компаниудад төрийн зүгээс нэгдэхэд нь ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Драгийн төлөвлөгөө хэрэгжвэл өмнө нь Европын Холбооны зүгээс хориглоод байгаа гэрээг байгуулах боломжтой болно. Жишээ нь 2019 онд зогсоосон “Alstom”, “Siemens” компаниудын төмөр замын активуудыг нэгтгэх боломж бүрдэх юм.
Захиалагчид ба эсэргүүцэгчид
Драгийн төлөвлөгөө бүхэлдээ макро /хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ/ болон микро /салбарын дэмжлэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого/ түвшнийг тэнцвэржүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Хамгийн гол нь шинэчлэлийг улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломжтой салбаруудад гол анхаарлаа хандуулсан байна. Харин төлөвлөгөөний сул тал нь Европын хэмжээнд өр зээлийг нэмэгдүүлэх заалт. Өмнө нь ийм санаачилгууд Европын Холбооны илүү хөгжингүй орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ. Брюссельд ч мөн иймэрхүү бодлого бүрэн дэмжлэг авдаггүй. Европын хэмжээнд өр зээлийг нэмэгдүүлснээр Европын Холбооны томоохон гишүүн орнуудын их хэмжээний улсын өрийн асуудлыг улам бүр хүндрүүлэхээс гадна улсын хөрөнгө оруулалт хувийн хөрөнгө оруулалтыг шахах эрсдэл үүсгэх аюултай.
Драгийн багийн бэлтгэсэн тайланд дурдсан Европын Холбооны худалдааны түншүүдийг эрэмбэлэх сэдвийг мөн цаашид илүү боловсронгуй болгох ёстой гэж үзэж байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд талд өсөлтийн ихээхэн нөөц бий хэдий ч импортын саад тотгор өндөр байдаг. Европын компаниуд эдгээр зах зээлд хөнгөлөлттэй нөхцөл эдлэхийн төлөө тэмцэх боломжтой.
Шинэчлэлийн төлөвлөгөөний хувьд захиалагчдын дунд эсэргүүцэгчид олон. Франц, Герман зэрэг томоохон орнуудад эрх баригч эвслүүдийн тогтворгүй байдал тус стратегийн маргаантай заалтуудыг няцаахад хүргэх магадлалтай.
Гэхдээ шинэчлэлийн төлөвлөгөөг зүтгүүлж чадах эсэх нь мөн Драгийн өөрийнх нь улс төрийн чадвараас шалтгаална гэж шинжээчид онцолжээ. Европын Холбоог үндэслэгчдийн нэг Жак Делорын хэлснээр, “Европт зөвхөн гал сөнөөгчид төдийгүй архитекторууд ч хэрэгтэй”. Арван жилийн өмнө Европын бүсийн орнуудын өрийн “түймрийг” амжилттай унтраасан Драги өдгөө Европын Холбооны ирээдүйн төлөөх тулаанд ханцуй шамлан оржээ. Гэхдээ энэ удаа гал сөнөөгчийн хувьд бус харин хөгжлийн шинэ загварын архитекторын хувиар. Ингэхдээ Европын Холбоо нийгмийн баримжаатай эдийн засгийн үндсэн сууриас татгалзаж чадахгүй л болов уу гэж ажиглагчид дүгнэж байна. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд ширүүн өрсөлдөх чадвартай том тоглогчдыг хүлээн зөвшөөрдөг АНУ-ын эдийн засгийн загварын элементүүд Европын шинэ бодит байдлын нэгэн хэсэг болох боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )