Европын ирээдүйг тодорхойлох 2025 оны сонгуулиуд

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 07

Шинэ 2025 онд Европын хувьд улс төрийн томоохон өөрчлөлтүүдийн жил болж магадгүй гэж ажиглагчид харж байна. Германы Бундестагийн ээлжит бус сонгууль, Румыны ерөнхийлөгчийн сонгууль, Польшийн бүх нийтийн санал асуулга гээд Европын холбооны ирээдүйд нөлөөлөхүйц үйл явдлууд шил дараалан цуварна.

2024 онд Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирэхээр болж, ЕХ-нд баруун үзэлтэй намууд хүчээ авч, Их Британид консерваторуудаас лейбористууд руу шилжилт болж, Нарендра Моди Энэтхэгийн ерөнхий сайдаар дахин сонгогдсон. Тэгвэл 2025 он ч мөн томоохон өөрчлөлт, гэнэтийн бэлгүүдийг амлаж байна. Европын улс төрийн амьдралд дараах үйл явдлууд өрнөнө.

Герман: ЕХ-ны улс төрийн тавцанд эргэн ирэх үү

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы Бундестаг Олаф Шольцт итгэл үзүүлээгүй тул 2025 оны хоёрдугаар сарын 23-нд парламентын ээлжит бус сонгууль явуулахаар болоод байгаа билээ. Сонгуулийн сурталчилгааны ид үеэр буюу арванхоёрдугаар сарын 20-нд Магдебургийн Зул сарын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарсан. Гол сэжигтэн нь Саудын Арабаас гаралтай эмч. Германы дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр, халдлага үйлдэгч Германы Альтернатив намыг дэмждэг бөгөөд исламын эсрэг үзэлтэн байсан хэдий ч цагаачдын эсрэг уур амьсгалыг гүнзгийрүүлэв.

Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаас үзвэл, тус нам 20.5 хувийн дэмжлэгтэй байна. Хэт барууны үзэлтнүүд баруун төвийн үзэл баримтлалтай блокоос бага санал авахаар байна. Тус блокт эрх баригч эвсэл нурсан нь улс төрийн хувьд ашигтай байлаа. Христийн ардчилсан холбооны тэргүүн Фридрих Мерц канцлерын суудал ногдоно гэсэн хүлээлттэй байна. Меркелийг бодвол эдийн засгийн хувьд илүү либерал бодлогыг баримталдаг тэрбээр нийгмийн, тэр дундаа цагаачлалын  асуудал дээр эсрэгээр консерватив байр суурь баримталдаг. Хельмут Колийн үед карьерын шатаа ахиулсан Мерц илүү нэгдмэл Европын төлөө дуу хоолойгоо өргөдөг бөгөөд Франц, Польштой харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлздэг. Тэрбээр мөн Европ нь АНУ-аас хэт хараат байдалд байгааг шүүмжилдэг нэгэн.

Румын: Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн

Румыны Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдүгээр үе шатны үр дүнг хүчингүйд тооцсон тул тус улсын иргэд 2025 онд дахин санал өгөхөөр болоод байна. Цэцийн гишүүд сонгуулийн явцад гаднын нөлөө орсон гэж үзэв. Хэт барууны үзэлтэй, Оросыг дэмжигч Кэлин Жоржеску хоёрдугаар үе шатанд үлдсэнийг түүний нэр хүнд нийгмийн сүлжээнд өссөнтэй холбон үүнд Кремлийн ул мөр бий хэмээн сэжиглэж байна.

Польш: Тускийн танхимыг шалгах сонгууль

Ирэх тавдугаар сард тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийг Доналд Тускийн танхимд итгэл үзүүлэх эсэх санал асуулгатай адилтган үзэж байна. Сөрөг хүчний “Эрх ба шударга ёс” намаас нэр дэвшсэн өнөөгийн ерөнхийлөгч Анжей Дуда Тускийг засгийн газарт эргэн ирэхээс өмнө төрийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд засгийн газрын санаачилгад нэг бус удаа хориг тавьж байсан билээ.

Сонгуулийн гол өрсөлдөгчид нь Польшийн гол хоёр намын төлөөлөл. Тэд бол Варшав хотын захирагч Рафал Тшасковский ба түүхч Кароль Навроцкий нар юм. Өрсөлдөөн ширүүн болох нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна. Санал асуулгаас үзвэл Варшав хотын захирагч ялах магадлал өндөр байна.

Чех: Төв Европт ЕХ-нд үл итгэх үзэл бэхжих үү

Чех улсад ирэх аравдугаар сард парламентын сонгууль болно. Санал асуулгаас үзвэл Европын парламентад суудалтай “АНО” нам 34.5 хув ийн дэмжлэгтэй байна. Тус намыг популист Андрей Бабиш тэргүүлдэг. Бабиш ялбал Төв Европт Унгарын Виктор Орбан, Словакийн Роберт Фицогийн тэргүүлдэг “хэт барууны тэнхлэг” бэхэжнэ. Тэрбумтан ерөнхий сайд асан Бабишийг Чех Трамп хэмээн нэрийддэг. Цагаачлалын бодлогыг чангатгах ёстой гэж үздэг тэрбээр Европын холбоонд үл итгэдэг бөгөөд шинжээчдийн онцолсноор Орост талтай нэгэн.

Хорват: Украинд дэмжлэг үзүүлэхийг эсрэг үндсэрхэг үзэлтнийг дахин сонгох уу

Энэ сарын 12-нд хорватууд төрийн тэргүүнээ сонгоно. Өнөөгийн ерөнхийлөгч Коран Миланович дахин сонгогдохоор өрсөлдөж буй. Тэрбээр бие даан нэр дэвшиж байгаа хэдий ч түүнийг Социал демократ намын тэргүүлсэн эвсэл дэмжиж байгаа.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Миланович парламентын сонгуульд өрсөлдөхөөр гэнэт шийдсэн ч Үндсэн хуулийн цэц эсрэг шийдвэр гаргаж байлаа.

Миланович өөрийгөө үндсэрхэг үзэлтэй хэмээн нэрийддэг бөгөөд Украинд тусламж үзүүлэх, Украины цэргүүдийг бэлтгэх НАТО-ийн ажиллагаанд Хорватын цэргүүдийг оролцуулахыг эсэргүүцдэг. Санал асуулгын дүнгээр тэрбээр 37.4 хувийн дэмжлэгтэй тэргүүлж байгаа бол Хорватын ерөнхий сайдын Хорватын ардчилсан намын дэмжлэгтэй нэр дэвшигч Андрей Пленкович 20.8 хувийн дэмжлэгтэй байна. Хорватын Ардчилсан нам өрнөдийн холбоотнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийн төлөө байр суурь баримталдаг.

Нэгдсэн Вант Улс: Британичууд хэр удаа лейбористуудыг дэмжих вэ?

Их Британид тавдугаар сарын 1-нд Английн гүнлэгүүдийн зөвлөлийн сонгууль болно. Энэ сонгууль засгийн эрхэнд гарсан лейбористуудын хувьд том сорилт болно гэж үзэж байна. Санал асуулгаас үзвэл лейбористууд ч тэр, консерваторууд ч тэр 20 хувийг дэмжлэг ч аваагүй байна. Энэ бол тус хоёр намын хувьд түүхэнд доод үзүүлэлт юм.

Беларус: Сонголтгүй сонгууль

Беларусын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко 80 хувийн санал авч, дахин ялалт байгуулсан хэдий ч санал хураалтын дүнг Европын Холбоо болон бусад орнууд хүлээн зөвшөөрдөггүй. Сонгуулиас хойш 50 мянга гаруй хүн улс төрийн янз бүрийн зорилгоор хэлмэгдсэн гэж хүний эрхийг хамгаалагч “Весна” бүлэг тооцоолжээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болох товтой бөгөөд шинжээчид өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэж байна. Лукашенко хэрэв санал хураалтын үеэр 2020 онд гарсан шиг эсэргүүцлийн жагсаал болбол интернэтийг тасална хэмээн анхааруулаад байгаа.

Гүрж: Орон нутгийн сонгууль Оросын дэмжих бодлогыг баталгаажуулах уу?

2025 оны аравдугаар сард тус улсад орон нутгийн сонгууль болно. Нэг жилийн өмнө болсон парламентын сонгуульд Оросын талыг баримталдаг Гүржийн мөрөөдөл нам ялсан билээ.

Шинэ Засгийн газрын Европын холбоонд элсэх яриа хэлэлцээг 2028 он хүртэл хойшлуулах шийдвэр тус улс даяар эсэргүүцлийн давлагаа үүсгээд байгаа юм. Гүрж улс 2023 онд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статусыг 2023 оны арванхоёрдугаар сард авч байсан билээ. Гэвч Брюссель Гүржийн гаднын нөлөөний тухай хууль баталсанд эгдүүцэж, элсүүлэх үйл явцыг зогсоогоод байна. Тус хуулийн Оросын гаднын агентуудын тухай хуультай адилтгаж байгаа юм.


2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд Европын холбоог дэмжигч ерөнхийлөгч Саломе Зурабишвилигийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Оросыг дэмжигч Михаил Кавелашвилийг парламент нь сонгосон. Сөрөг хүчин санал хураалтыг бойколтлосон ба эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.69) 17 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top