Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт "Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно" гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарын нэрийг дэвшүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн, эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрбээр 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2011-2015 онд "Билэгт говь" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаа аж. Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж буйг Төсвийн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )