Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.22) хуралдаан 11.36 цагт Улсын Их Хурлын 16 гишүүн хүрэлцэн ирснээр 55.2 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав.
Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр төслийн талаар танилцуулав.
Беларусь Улс нь Зүүн Европ дахь Ази, Европыг холбосон зангилаа бүсэд орших стратегийн чухал байрлалтай бөгөөд Евроазийн эдийн засгийн холбоо болон бүс нутгийн интеграцын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй оролцдогийн хувьд Монгол Улсын чухал түнш гэдгийг танилцуулгадаа тодотгосон. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 2014 онд тус улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа, харин 2020 онд Минск хотноо Монгол Улс Элчин сайдын яамаа тус тус нээжээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш 22 жилийн дараа Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад анхны төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр тал Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулж, уг гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрээ нь хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичиг бөгөөд монгол, орос, беларусь хэлээрх гурван эхтэй, 17 зүйлтэй хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулав. Гэрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан гэв. Гэрээг байгуулахаас өмнө түүний төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөн, гарын үсэг зурах зөвшөөрөл авсан аж. Гэрээний 16 дугаар зүйлд заасны дагуу талууд гэрээг соёрхон батлах шаардлагатай бөгөөд соёрхон баталсан батламж, жуух бичгийг харилцан солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох юм байна.
Беларусь Улсын Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхим 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээг соёрхон баталж, хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн нийцлээ хангасан тухай манай талд мэдэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нь нэг зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль бусад хуультай нийцсэн бөгөөд эдийн засаг, нийгэм, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсгэхгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулсан.
Монгол Улс уг гэрээтэй ижил найрсаг харилцаа хамтын ажиллагаа тогтоох тухай гэрээ хэлэлцээрийг Орос, Хятад, Болгар, Вьетнам, Казакстан, Киргиз, Франц, Унгар, Лаос, Солонгос, Турк, Украйн зэрэг улстай байгуулсан байдгийг мөн дурдлаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Гэрээний монгол, орос, беларусь хэлээрх орчуулгуудын зөрүү нь нэр томьёо, агуулгын зөрүүг гишүүд анхааруулж, гарч болох үр дагаварын талаар байр сууриа илэрхийлсэн. Гэрээний орчуулгаас үүдэх ойлголтын зөрүүтэй асуудлыг Беларусийн талтай дипломат шугамаар нягталж, шаардлагатай засвар, тодруулгыг хийх боломжтой хэмээн ажлын хэсгээс хариулаад, гэрээний эх хоорондын тайлбарын зөрүү гарсан тохиолдолд орос хэлээрх эхийг баримтлахаар тусгасан хэмээн тодотгож байлаа. Гишүүд Беларусь Улсад хэрэгжиж буй олон улсын хориг арга хэмжээтэй холбоотойгоор гэрээний хүрээнд Монгол Улсаар дамжин өнгөрөх тээвэр, давхар зориулалттай бараа бүтээгдэхүүний худалдаанаас үүдэх эрсдэлийн талаар хөндөхөд олон улсын хоригтой холбоотой эрсдэлээс сэргийлэхээр аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн.
Холбогдуулан санал хураалт явуулахад Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 17 гишүүний 70.6 хувь нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )