УИХ-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өчигдөр улс төрийн намын дарга нарыг хүлээн авч уулзан, зөвлөлдөх зөвлөл байгууллаа. Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцсон байна.
Уулзалтаар дараах асуудлыг хөндөн зөвшилцжээ. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;
- Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;
- УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллах.
Дээрх асуудал дээр уулзалтад оролцсон намуудын дарга нар байр суурь нэгдэн, хамтран ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )