Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх нэгдсэн зөвлөмж гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
5 минутын өмнө

​ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд “Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын хадгалалт, хамгаалалт, менежментийн асуудал ба хамтын шийдэл” олон талт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

​Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн өвийн газруудын хамгаалалтын захиргаад, орон нутгийн соёл, урлагийн газрын төлөөлөл болон үндэсний мэргэжилтэн, шинжээчид оролцов.

Хэлэлцүүлгээр Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын бодлого, захиргаадын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өвийн газруудын үйл ажиллагааг орон нутгийн бодлоготой уялдуулах, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, хүний нөөц, санхүүжилт, судалгаа, мэдээллийн сан, хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах талаар хэлэлцэв.

​Мөн Дэлхийн өвийн менежментийн олон улсын туршлага, Монгол Улсын нэгдсэн ЮНЕСКО-ийн конвенц, хөтөлбөр, бүс нутгийн санаачилгуудын уялдааг авч үзлээ. Уулзалтаас асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ, шаардлагатай дэмжлэг, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон нэгдсэн зөвлөмж гаргав.

​Монгол Улс 1990 онд Дэлхийн өвийн конвенцод нэгдсэнээс хойш долоон өвийг бүртгүүлжээ. Үүнд Увс нуурын ай сав газар (2003), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Дагуурын ландшафт (2017), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023), Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд (2026) багтдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top