Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автомашин хулгайд алдагдсан, мөн 36 орчим тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, доторх эд зүйлсийг хулгайлсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар дээрх хэргүүдийг Ч гэгч үйлдсэн болохыг тогтоож, баривчилсан байна. Одоогоор түүнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэжигтэн Ч мэдүүлэгтээ “Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас газраас чулуу авч, автомашины цонхыг хагалан, доторх эд зүйлсийг хулгайлдаг байсан. Маш их дарамт шахалтад орсны улмаас ийм үйлдэл хийхэд хүрсэн. Ихэнхдээ дэлгүүрээс хулгай хийдэг байсан” гэжээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Харин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд 17.2 дугаар зүйлд заасны дагуу 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг автомашинаа гэрэлтүүлэг сайтай, хяналтын камертай газарт байрлуулах, үнэт эдлэл, гар утас, цүнх болон бусад эд зүйлсийг ил харагдахуйц газар орхихгүй байх, автомашинаа бүрэн түгжиж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )