Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх зүгээр л байж байгаад суудлаа өгчихсөн гэж бодож байна уу. Тэгвэл том эндүүрэл. Үдэлтийн баяр нь ялалтын баяр шиг байсан талбайн тэр ёслолоос бүх юм уншигдана. Бүрэн эрхийн хугацаагаа бүрэн дуусгасан Ерөнхийлөгчийг ч түүн шиг үдэж байгаагүй. Тэгэхээр бүх юм яг зурсан зураг, төрсөн тохиолоороо л болж байгаа гэсэн үг.
Баяртай гэхээс өмнө
Шинэ сар гарахтай зэрэгцээд гэнэт л Бодь гараад ирсэн. Сөргөлдөгч талууд бүгд л “би биш чи авсан” гэж байгааг бодоход Бодь бодит байсныг илтгэнэ. Шувуу болоод ниссэн нь ч, шууд шүүрээд барих нь ч сандарсан энэ толхилцоон эцэстээ төрийн тэргүүн “шар шувтлаад” дуусна чинээ жир иргэд л төсөөлөөгүй байх. Бодийн бодит түүх улстөрчдийн уран фантазид ургаж байх хооронд сөрөг хүчний тэргүүн О.Цогтгэрэл өргөсөн тангарагаасаа няцсан гээд огцруулах саналыг албан ёсоор тавина гэдгээ мэдэгдсэн. Учир гэдэг учрал тохиолоороо бүрдсэн. У.Хүрэлсүх харин үүн дээр уран нүүдэл хийж өөрийнхөө ч, намынхаа ч нэрийг бүтэн авах сонголт хийсэн. Хэрэв Ардчилсан намынхны зургаар болсон бол У.Хүрэлсүхийн асуудлыг оруулж ирээд авч үлдсэн ч, унасан ч нэр хүнд нь сэвтхээр байв. Ингээд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. Түүний шийдвэрийг хэлэлцэх чуулган дээр Ардчилсан нам өөд хараад толгой дээгүүр сууснаас харвал бүгдийг хэлээд өгчхөж байгаа юм.
Ер нь ч тэгээд эрх баригчдын улс төрийн дүр зургийг Ардчилсан намынхан шидэт дохиураар зурсаар өнөөг хүрлээдээ.
Н.Учралыг парламентын спикер байхад намын дарга спикер байж болохгүй гэдэг акц хийж байгаад Ерөнхий сайд болох замыг нь зассан түүх хуучирч сарниагүй байна. Одоо уншигч та хараарай У.Хүрэлсүхийн ялалтын юм шиг үдэлтийн баяраас хойш Бодийг тогтож ярих улстөрч байхгүй болчихсон байгаа биз. Жагсаалтын хэд нь /зарим нь тооноор орогсод гэж хочилдог/ өвлийн морин уралдаан, хүүхдийн эрх гэдэг хэрүүл дэгдээгээд явж өгч байна.
Баяртай гэсний маргааш
Маргааш нь эрх мэдлийн төлөөх олон зүйл эхэлсэн. Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт нь нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн нь ходоодны мухарт хүсэл байсан гэдгийг илтгэсэн. Үүнээс хойш би л яг мөн, чи л лав биш гэсэн бор шувууг эрх баригчид шидэлцэж эхлэв дээ. Өчигдөр ихэнх сайтуудаар Их тэнгэрт хуралдсан Ардын намынхан Г.Занданшатар дээр тохирлоо гэдэг мэдээг сэвж нэг үзэв. Нэр нь дурдагдсан субъект өөрийн улс төрийн үзэл санааг ч төлбөртэйгөөр зарим нэг сайтуудаар цацсан харагдана лээ. Go Mongolia-г bye болгодог Ч.Номин ч ийм юм болоогүй гэж гөрдсөн, хэдхэн хоногийн шадар сайд Х.Ганхуяг ч би очоогүй гэж мэлзсэн. Тэгэхээр Их тэнгэрт хуралдсан нь бодитой гэдгийг харж болно. Одоо эндээс Н.Учралын зовлон эхэлж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын түмэн зовлон дээр одоо тал, тал тийш гэдийчихсэн намынхаа эв зүйг олох их ажил толгой дээр нь буулаа. Ямар ч гэсэн сар шинийн дараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм шиг байна. Чухам үүн дээр одоо мэдэгдэж буй гурван фракцын эв нэгдлийг хангаад нэг хүн гарч ирэх нь тодорхой. Үүн дээр харин хэн бэ гэдгийг Н.Учрал шийдэх үү, ах нар нь шийдэх үү гэдэг хамгийн том асуултын тэмдэг хэвээр байна.
Явж, явж эрх мэдлийн цулбууртайгаа үлдэхийн тулд Н.Учралыг намын даргаар сонгосон юм шүү дээ.
Баяртай...
Ерөнхийлөгч баяртай гэсний дараа ЗГХЭГ-ын дарга баяртай болж байгаагаа зарласан нь ч гэнэтийн шийдвэр биш байв. Одоо ЗГХЭГ-ын дарга “би биш чи”, “чи биш би” болно гэсэн хэрүүл тасрахгүй байгаа нь намын дарга дээр фракцын хэрүүл сарниагүй болохыг харуулна.
ЗГХЭГ-ын даргын суудал Н.Учралын өсгийнд шигдсэн өргөс байх болно.
Хэрэв шийдэхгүй бол асуудал дэгдээд өөрийнх нь хувь заяа ч шийдэгдэж мэднэ. Ямар ч байсан өөрийн тал нь өмөөрч, өрөөлийн тал нь гөрдсөөр 2028 онтой золгох юм шиг байна. Авчиг Н.Учралын улс төрийн цаашдын карьер хэцүүхэн байна. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хүртэл өөрийнхөнтэйгөө ноцолдож байгаад, парламентын сонгууль хүртэл өрөөлтэй учраа ололцох их ажил түүнийг хүлээж буй.

Сэтгэгдэл ( 0 )