“Ард иргэдээсээ юугаа харамлаад байгаа юм” гэж царайгаа ч, цээжээрээ ч хамгаалсан томдсон тодотгол эцэст нь нэг юм батлагдлаа. Сар гаруй хэлэлцэж байж, сандал суудлын төлөө зодолдон байж, 30-38-аараа хуваагдан байж ийнхүү батлагдлаа. Ардын намынхан намаа бодлоо. Улс аа харин бодсонгүй. Тэлэхийн зовлонг тэд бид биш үүрнэ.
Томдсон тодотгол
Зардал нь талийж 33.9 их наяд төгрөгийн зардалтай, 2 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол ийнхүү батлагдлаа. Өмнөх дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр тэлсэн энэ төсөв МАН-ын нажидыг эдэлсэн дээ. Одоо нийгэмдээ гай тарина. Хамгийн хоржоонтой нь юу гээч есдүгээр сард улсын төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Өмнөх сараасаа 11.3% өссөн үзүүлэлт. Яг энэ өсөлтийн хурдыг нь харвал 2026 оны эцэст төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрэхээр байна. Шатахууны үнийн нэмэгдэл, инфляцын өсөлт зэргээс харвал энэ тоо улам л нэмэгдэж болзошүй. Тодотголоор хоёр их наяд байхаар тооцосон. Тиймээс Засгийн газар, Сангийн яам энэ хязгаартаа барихын тулд оны сүүлийн улиралд урсгал зардал танах, хэмнэлтийн горимоо барих хэрэгтэй болно. Гэхдээ юу гээч, манай улсын төсвийн гүйцэтгэл жил бүрийн сүүлийн улиралд хөрөнгө оруулалт, тендер боон өрийн үйлчилгээний төлбөртэй холбоотойгоор огцом тэлэх хандлагатай байдаг. Тийм ч учраас алдагдал нь нэмэгдэх гээд байдаг гэмтэй.
Бөөн юм болж, болж батлагдсан тодотголоор бол хоёр их наядын алдагдлын 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхнө.
Том шанаа
Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бэрх, инфляц болон ханшийн дарамт өндөр энэ үед алдагдал томорсоор байх нь маш том эрсдэлтэй. Улс төр, сонгуулийн шинжтэй амлалт болон халамж, цалингийн өсөлт нь богино хугацаанд иргэдийн амьжиргааг зөөллөх мэт харагддаг ч, бодит байдал дээр зах зээл дээрх үнийн өсөлт, татварын дарамт, хувийн хэвшлийн боогдолтоор дамжуулаад эргээд л ард түмний нуруун дээр ачаа болж буудаг жам бий. Энэ нөхцөлд иргэн, бизнес эрхлэгчийн хувьд эрсдэлээ тооцож, зардлаа хянах, аливаа зээл болон санхүүгийн шийдвэртээ туйлын болгоомжтой хандах шаардлагатай цаг үе үргэлжилсээр байна.
Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 12.9%-д хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0.6%, өмнөх оны мөн үеэс 3.9% өссөн үзүүлэлт. Нэг ёсондоо дөрөвдүгээр сараас хойш Монгол Улсын инфляц хоёр оронтой тооноос буусангүй. Ядаж байхад шатахууны үнэ огцом нэмэгдэж литр тутамдаа 3600 төгрөгт хүрсэн. ОХУ-ын нийлүүлэлтээс шалтгаалан хомстол нүүрлэж буй энэ цагт өсөх эрсдэл байсаар байна. Украины зүгээс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдсаар байгаа нь энэ эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Н.Учрал нэг гараараа бонд цацаж өрөө дараад, нөгөө гараараа хувийн хэвшлийнхээ хоолойг багалзуурдаж байгаагаас өөрцгүй л юм боллоо.
Нокаут 1, 2, 3...
Одоо гол асуудал даа оръё. үнэт цаас, гаднын зээлээр тодотгосон төсвийн алдагдлыг нөхнө гэсэн ээ дээ. Бодит байдал дээр хоёр их наяд төгрөгийн алдагдал өсөх магадлалтай байгаа. Тэгэхээр тодотгол ёсоор бол Засгийн газар 1.8 их наяд төгрөгийг дотоод зах зээлд бонд буюу өрийн бичиг гаргаж зараад бэлэн мөнгө татаж авна. Банкнууд энэ бондыг худалдаж авна. Нэг ёсондоо арилжааны банкнууд бэлэн мөнгөө хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд зээл болгож өгөхөөс илүүтэйгээр Засгийн газрын өндөр хүүтэй, "эрсдэлгүй" бондыг худалдаж авахыг илүүд үзэх болно. Энэ нь банкнуудын бизнес рүү чиглүүлэх мөнгөний хэмжээг багасгаж, зээлийн олдоц ховордоно, эсвэл зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдах гол шалтгаан болно. Хамгийн хорлонтой нь эргэлтийн хөрөнгө болон шинэ төсөл хэрэгжүүлэхээр зээл хөөцөлдөж буй бизнес эрхлэгчдэд санхүүжилт олдохгүй байх, өндөр хүүний дарамтад орох эрсдэл нэмэгдэнэ. Төсвийн алдагдлыг дотоодоос ингэж их хэмжээгээр мөнгө татаж санхүүжүүлэх нь эргэлтэд буй мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, зах зээл дээрх бараа үйлчилгээний үнэ хөөрөгдөх үндсэн нөхцөл болдог. Энэ нь иргэдийн халааснаас гарч буй мөнгөний үнэ цэнийг улам бууруулна.
Үлдсэн 779.2 тэрбум төгрөгийн олон улсын байгууллагаас зээлнэ. Танил дүр зураг байгаа биз. Гадаад өр зээл нэмэгдэх нь гадаад валютын гадагшлах урсгалыг ихэсгэж, валютын нөөцөд дарамт учруулдаг. Валютын ханш (ялангуяа ам доллар) өсвөл импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа, шатахуун, эм тарианы үнэ автоматаар өсөж, иргэдийн худалдан авах чадвар улам доройтно.
“Төр хувийн хэвшлүүдэд гай болохоос зай болно” гэсэн Н.Учралын уянга энэ хүрээд өндөрлөлөө. Н.Учрал нэг гараараа бонд цацаж өрөө дараад, нөгөө гараараа хувийн хэвшлийнхээ хоолойг багалзуурдаж байгаагаас өөрцгүй л юм боллоо.

Сэтгэгдэл ( 0 )