УИХ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч С.Бямбацогт парламентад суудалтай намын дарга нартай уулзаж. Уулзалтын учир нь “эвтэй найртай амьдарцгаая л даа” гэж хэлдэг Леопольд муур лугаа адил л байв. Өөрийн зодоон яах вэ өрөөлийн ёдор ааш, ёвролтоос сэргийлээд сонгуульдаа эвтэйхэн оръё л гэж намын дарга нарыг дууджээ. Гэхдээ байна аа энэ мэдээгээ “parliament.mn” гэсэн цахим хуудсаар онцлов доо. Энд л харин учир зүй байсангүй. Ерөнхийлөгчийн институцийг түр ч гэсэн хэрэгжүүлж байгаа этгээдийн хувьд парламентын албан ёсны цахим хуудсаар энэ мэдээгээ сэвэх нь төөрч, төөрөлдсөн л үйлдэл. “Одоо яах вэ” гэж парламентын танхимд уулга алдсан О.Цогтгэрэл энэ уулзалт дээр л “Одоо яах вэ, хууль зөрчлөө” гээд уулга алдсан бол улс төрийн бөгөөд намынх нь оноо ч дээшлэх байлаа. Гэтэл тэгсэнгүй. Ер нь ч тэгээд Зөвшилцөх зөвлөл гэдэг хүсээгүй хүүхэд шиг л зүйл боллоо. Чиг үүрэг, үзүүлэх нөлөө, үр дүнг нь харвал өрөөлийн намтай биш өөрийн намтайгаа л зөвшилцөх ёстой мэт. Цохилцоогүй ч толхилцсон Ардын намын зодоон л явж, явж энэ хүрээд, Ерөнхийлөгч нь өөрийн хүсэлтээр огцорсон юм шүү дээ. Энэ зөвшилцөлд орохгүй гэж хэлэх эрх уг нь намын дарга нарт байсан.
Өөрсдөө зодолдож болох ч өрөөлд бол “NO” шүү гэдэг нь аль газрын ёсон бэ? Бүр хачирхалтай нь ИЗНН-ын төлөөллийг уг Зөвшилцөх зөвлөлд оролцуулсангүй...
Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй юу, улс төрийн гортиг тэдний гадна татагдав уу, бүр эсвэл тэртээ тэргүй буруу ишилсэн сүх улсууд юм ярьж л байг гээд тоохгүй өнгөрөв үү гэдэг эргэлзээтэй. Ямартаа ч ИЗНН-ыг яагаад оролцуулаагүй тухай тайлбар “parliament.mn” цахим хуудсаар сэвсэн хэвлэлийн мэдээнд л лав алга.
Зөвшилцөх зөвлөл хүсээгүй хүүхэд юм байж. Харин эрх мэдлийн чиг баримжаа, зааг ялгаа, процедурын хувьд жинхэнэ бантан болсон Ерөнхийлөгчийн үүргийг хоёрдугаар хүн орлох тухай асуудал хууль зүйн оюутнуудын хувьд судлагдахуун болж үлдэхээр боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 37-р зүлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж зааснаар эрх баригчид тайлбарлаад байх шиг байна. Гэвч төрийн эрх мэдэл хуваарилах онолын талаасаа ч, процедурын талаасаа ч зөрчил маргаан дагуулж буй юм.
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх журмын тухай хуулийг хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч тэгээгүй. Шууд л Үндсэн хуулийн 37.2-оор бариад л явчихсан нь маш том алдаа байлаа.
Чухамдаа Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх журмын тухай хуульгүйгээр С.Бямбацогт өөрийгөө “эрх цагаан ишиг” болгочхож байгаа юм.
Үндсэн хуулийн 31-р зүлийн 8 дахь хэсэгт Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн болон бусад албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг. Энэ нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг зааглах зорилготой. Гэтэл одоо үүсээд байгаа нөхцөлд нэг хүн хууль батлах үйл явцыг УИХ-ын даргын хувиар удирдаад зогсохгүй, хуульд хориг тавих эрх зүйн субъектын хувиар асуудалд хандах болчхоод байна. Яахав түр орлон гүйцэтгэгчийн хувьд энэ хязгаарыг тавьсан ч нөгөө талаараа энэ эрх Ерөнхийлөгчид хадгалагддаг учраас хоёрдмол байдал үүснэ. Хуулиар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх зохицуулалт байгаа ч энэ нь "түр зуурын нөхөөс" буюу төрийн тасралтгүй ажиллагааг хангах механизм юм. Харин бодит практик дээр нэг хүн хоёр институцийн эрх мэдлийг зэрэг төвлөрүүлэх үед өөрийгөө хянах, өөртэйгөө зөвшилцөх, институцийн зааг бүдгэрэх зэрэг зөрчил үүсэх учраас л чухал, маргаантай эрхүүдийг хязгаарлах эсвэл дэд даргаар хуралдаан удирдуулах зэрэг зохицуулалт шаардлагатай байна.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11-р зүйлийн 3 дахь хэсэгт “.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл УИХ-ын анхдугаар чуулган улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэх УИХ-ын ээлжит бус чуулганыг санаачилгаар товлон зарлах эрхтэй гэсэн үг. Гэвч УИХ-ын даргатай зөвшилцөж байж шийдэх асуудал дээр С.Бямбацогт өөртэйгөө зөвшилцөх ёстой болоод байна.
Нэг хүн хоёр институцийн эрх мэдлийг зэрэг төвлөрүүлэх үед өөрийгөө хянах, өөртэйгөө зөвшилцөх, институцийн зааг бүдгэрнэ!
Ганц л жишээ. Яг одоо ЗГХЭГ-ын даргын тухай асуудал маргаантай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-р зүйлийн дөрөв дэх хэсэгт “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана” гэж заасан бий. Гэтэл одоо ЗГХЭГ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс өмнө Ерөнхийлөгчийн хувиар танилцаад, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэх болчхоод байна. Байгалийн экс сайд нь би болно, МАН-ын бүлгийн дарга нь би ч болохгүй гээд мэдэн будилж байх хооронд институцын хямрал ийм дээрээ тулчихлаа.
Эдлэх ёсгүй эрхээр Зөвшилцөх зөвлөл байгуулаад түүнээсээ бүтэн нэг намыг жийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд эвтэй найртай орно гэж байна. Уучлаарай, энэ бол Үндсэн хуулийн хямрал руу түлхэх алхам шүү!!!
Сэтгэгдэл ( 0 )