МИАТ “Өгөөдэй хаан” нэртэй шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

О.Должин | Zindaa.mn
10 минутын өмнө

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК парк шинэчлэлийн хүрээнд “Boeing 737 MAX 8” загварын шинэ агаарын хөлгөө 2026 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа. Шинэ хөлгийг “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ.

Шинэ агаарын хөлгийг хүлээн авах ёслол АНУ-ын “Боинг” компанийн салбар төвд болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр болон иргэний нисэхийн салбарын удирдлагууд, холбогдох албаныхан оролцов. Мөн “Боинг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар байлцжээ.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Боинг” компанийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар хоёр компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

“Өгөөдэй хаан” нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын агаарын хөлөг юм. Тус компани ойрын болон дунд зайн нислэгт ашиглахад тохиромжтой, түлшний хэмнэлт болон эдийн засгийн үр өгөөж өндөртэй уг загварын онгоцоор нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Тодруулбал, шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио болон Тайланд зэрэг чиглэлд нислэг үйлдэхэд ашиглахаар төлөвлөжээ.

Ёслолын үеэр “Боинг” компанийн Дэлхийн борлуулалт, маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Брэд МакМаллен “МИАТ” компанийн 70 жилийн ойн үеэр шинэ агаарын хөлөг хүлээлгэн өгч буй нь парк шинэчлэлийн чухал алхам болж байгааг онцолсон байна.

Тэрбээр бүс нутгийн агаарын тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед шинэ хөлөг нь “МИАТ” компанийн зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нислэгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг илэрхийлжээ.

Мөн шинэ хөлгийг “МИАТ” компанид нийлүүлэхэд хамтран ажилласан “DAE” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид “МИАТ”-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг дэмжин, хамтран ажиллахаа “Боинг” компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top