Ши Жиньпин Палестины ард түмнийг дэмжихээ илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээх хүчин чармайлтыг тууштай дэмжиж, Палестины асуудлыг шударгаар шийдэхэд дэмжлэг үзүүлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.

Хятад улс нь шударга ёс, энх тайвныг эрхэмлэдэг олон улсын хамтын нийгэмлэгийн бүх улс оронтой хамтран Палестины асуудлын шинж тэмдэг болон суурь шалтгааныг арилгах, Палестины асуудлыг иж бүрэн, шударгаар тогтвортой шийдвэрлэх, Ойрх Дорнодод урт хугацааны тогтвортой байдал, энх тайвныг тогтоох, дэлхий дахины хөгжил цэцэглэлт, энх тайвныг тогтооход цаашид ч хувь нэмрээ оруулсаар байх болно гэж Палестины ард түмэнтэй эв нэгдлээ илэрхийлэх олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-д зохион байгуулсан хуралд оролцогчдод хандан илгээсэн илгээлтдээ мэдэгджээ. Палестины ард түмэнтэй эв нэгдлээ илэрхийлэх олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-нд тэмдэглэдэг билээ.

Шударга ёс хүмүүсийн зүрх сэтгэлд үргэлж оршдог хэмээн Ши Жиньпин онцлоод Палестины асуудал нь Ойрх Дорнодын асуудлын цөм юм гэжээ.

Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдлын улмаас Палестины асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлаас гадуур үлдээх учиргүй. Энэ асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл бол “Хоёр улс, Хоёр ард түмэн” гэсэн зарчим ба Палестин, Израилын яриа хэлэлцээг сэргээх явдал юм. Палестинчууд Палестиныг удирдана гэсэн зарчмыг баримтлах, Иордан голын барууг эрэг дэх нөхцөл байдлыг зохицуулах, дайны дараах Газын зурвасыг сэргээн босгох шаардлагатайг Ши Жиньпин онцолжээ.

Тэрбээр Палестины газар нутгийг эзлэх, эрхийг нь зөрчих аливаа үйлдлийн эсрэг хатуу зогсох шаардлагатай. Олон улсын хамтын нийгэмлэг палестин ард түмнийг дэмжих үүрэг, амлалтаа тодорхой ажил хэрэг болгож, Газын зурвасын энгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстойг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top