Эрх баригчдын халаасны хүүхэлдэй болчхоод, төсвийн тодотгол ярихаар УИХ-ын гишүүдэд балбуулж байдаг Монголбанкныхан энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналтнуудыг тогтож харсан болов уу. Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн Роберт Холл, Майкл Вүүдфорд нар үндсэндээ тоо хөөхөөр тооцоо хөө гэдгийг л төв банкнуудад анхааруулсан юм. Макро статистикийн тайланд найдаж хоосон тоо хөөх биш, энгийн иргэдийн амьдралд тооцоо хэрхэн тусахыг тооцоолох ёстойг сануулсан юм.
Нобелийн шагналтнууд юу судлав
Эдийн засгийн салбарын 2026 оны Нобелийн шагналыг АНУ-ын Стенфордын их сургуулийн профессор Роберт Холл, Колумбын их сургуулийн профессор Майкл Вүүдфорд нар хүртсэн. Тэд “макро эдийн засгийг тогтворжуулах бодлогод микро эдийн засгийн онолын үндэс суурийг хөгжүүлсэн” учраас энэ шагналыг хүртсэн байна.
Роберт Холлын тухайд хөдөлмөрийн зах зээлийн хэлбэлзэл, ажилгүйдэл, бодит цалин болон эдийн засгийн циклийг олон нийт, компаниуд хэрхэн хүлээн авч, шийдвэр гаргаж байгаа дээр төвлөрсөн. Тухайлбал эдийн засгийн уналтын үед үнэ болон цалин яагаад шууд буурдаггүй болохыг микро эдийн засгийн оролцогчдын зан төлөвт үндэслэн тайлбарласан.
Майкл Вүүдфордын тухайд орчин цагийн Төв банкнууд хүүхдийн тоглоом шиг том тоог эргэлдүүлэх бус, харин иргэд, айл өрх, бизнес эрхлэгчид ирээдүйгээ хэрхэн төлөвлөж шийдвэр гаргадаг вэ гэдгийг макро бодлоголд тусгах ёстойг судалсан юм.
Товчхондоо макро эдийн засаг гэдэг бол зүгээр нэг хийсвэр тоон үзүүлэлт бус, харин өдөр тутмын амьдралаа төлөвлөж буй жирийн иргэн, аж ахуйн нэгжийн шийдвэрүүдийн үр дүн гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томъёолсон юм.
Манайд ямар хамаатай вэ
“Хамаатай, хамгийн их хамаатай” гэлээ гэдэг шиг МАН-ын халаасны банк болсон Монголбанканд хамгийн их хамаатай. Төв банк макро зохистой бодлого гэгчийг баримталдаг. Мөнгөний бодлогын хороо ч үүнийгээ дагасан шийдвэр гаргадаг. Саяхны жишээ бол том тоон утгаараа инфляцыг намжаахын тулд бодлогын хүүгээ огцом өсгөв дөө. Гэтэл жижиг бизнесүүд, айл өрхүүд үнийг даахгүй зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Цаасан дэээр инфляц буурч болох ч бодит амьдрал дээр ажилгүйдэл газар авч, эдийн засаг царцчихна.
Том тоо хөөгөөд инфляцыг цаасан дээр буулгаж болох нь бодит амьрал дээр хэрхэн тусах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.
Улсын ДНБ-ийг өсгөх зорилгоор гаднаас баахан зээл авч, том бүтээн байгуулалтад зарцуулна. Том тоо ч тэгээд сайхан даа. Гэвч Н.Учралын хэлдгээр айл өрхийн хаалгаар орлого орохгүй. Валютын ханш савлаад иргэдийн амьдрал хүндэрнэ. Сүүлийн 30 жил л ийм байлаа. Хөөсөрсөн тоо хөөсөн, суурьгүй макро бодлогын гай. Үүнийг тал хэт тэлсэн төсөвтэй ч барааны үнэ тэнгэрт битгий хэл галактикт хадаад, шатахуундаа дугаарлаж байгагаас харж болно. Үнэ өсөөд л байдаг дагаад яагаад буудаггүй юм бэ гэж халаглаж байгаа нь чухам үүнтэй холбоотой.
Инфляц ба Монголбанк
Төв банкны нэн тэргүүнд гүйцэтгэх ёстой үүрэг бол инфляцыг бууруулахад оршино. Олон нийт ч үүнийг хүсэж байдаг. Вүүдфордын судалгаагаар хэрэв ард иргэд, бизнес эрхлэгчид Төв банканд итгэхгүй “ирээдүйд валютын ханш өсөж барааны үнэ нэмэгдэнэ” гэсэн хүлээлттэй байвал бодлогын хүүг яаж ч өндөр тогтоогоод инфляцыг барьж дийлэхэд хэцүү гэж үзсэн.
Харин манайд яадаг билээ. Монголбанк бодлогын хүүг өөрчлөхөд арилжааны банкны зээлийн хүү шууд дагж өөрчлөгддөг. Авчиг бодит эдийн засагт шууд нөлөөлдөггүй. Энэ нь жижиг түвшинд Төв банкны бодлогод итгэх итгэл сул байгааг илтгэнэ.
Төсөв, мөнгөний бодлогын уялдаа
Вүүдфордын хувьд төсөв болон мөнгөний бодлогын харилцан хамаарлыг маш гүнзгий судалсан. Түүний үзсэнээр төсөв, мөнгөний бодлого бол нэг байшинд амьдардагч хэдэн тийшээ тарсан айл шиг байж болохгүй, заавал нягт уялдаатай байх ёстой байж үр дүнд хүрдэг аж. Ялангуяа түүний алдартай “Төсвийн бодлогоор үнийн түвшинг тодорхойлох онол”-д энэ тухай дараах байдлаар дүгнэсэн байдаг.
Уламжлалт ойлголтоор “Инфляц өслөө гэхэд Төв банк бодлогын хүүгээ өсгөөд л шийдчихнэ” гэж үздэг. Вүүдфорд үүнийг эрс үгүйсгэж, “Хэрэв засгийн газар алдагдалтай төсөв баталж, өр тавиад байвал ямар ч хатуу бие даасан Төв банк инфляцыг барьж дийлэхгүй” гэдгийг математик тооцооллоор баталсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өр болон төсвийн бодлого нь цаанаа инфляцыг өрдөж байдаг тул мөнгөний бодлого сайн байгаад нэмэргүй. Засгийн газар нь өртэй, төсвийн сахилга батгүй байвал “Энэ их өрийг хожим нь Засгийн газар өндөр татвараар, эсвэл мөнгө хэвлэх замаар хасна” гэж үзсэн.
“Хэрэв засгийн газар алдагдалтай төсөв баталж, өр тавиад байвал ямар ч хатуу бие даасан Төв банк инфляцыг барьж дийлэхгүй”
Майкл Вүүдфорд
Манайд хамаатай дүгнэлт байгаа бид. Үе, үеийн Засгийн газрууд хэнбугай ч байсан төсөв батлахдаа хэдэн төгрөг хуваарилах вэ гэдэгт л анхаардаг болохоос иргэд, бизнес эрхлэгчдэд, тэдний шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалдаггүй. Засгийн газар нь мөнгө цацаж өр тавид, Монголбанк нь ганцаараа бодлогын хүү өсгөж инфляцтай тэмцдэг зодоон 30 жил л боллоо. Өдрийн сонин дээр бичсэн шиг “түй ч” уялдаагүй энэ бодлогоо өөрчлөх цаг болжээ. Хатуу атлаа нялцайсан бодлого бариад л зээлийг нь боогоод байхаас илүү бодлогын тогтвортой байдал чухал болохыг дээрх судалгаа харуулна.
Н.Учралд өгөх зөвлөгөө
“Чи битгий хуц аа” гэж Б.Галсансүх шиг загнах нь ч хаашаа юм. Гэхдээ Роберт Холлын судалгааг тоож хараад, тогтож уншаасай гэж зөвлөх байна. Роберт Холлын тухайд хөдөлмөрийн зах зээл ба цалингийн бодлогыг судалсан. Түүний үзэж байгаагаар эдийн засаг саарахад компаниуд ажилтнуудынхаа цлинг шууд бууруулдаггүй. Харин ажлаас нь халах замаар зохицуулдаг. Цалинг нь хасах, бууруулах зэрэг хатуу бодлого нь халах руу гулсаад ирэхээр эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлдэг гэж тодорхойлсон.
Цалинг инфляц өсөхөд дагаад өсгөөд байх нь буруу гэдгийг Роберт Холл Нобелийн шагнал хүртсэн судалгаандаа анхааруулжээ.
Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр инфляц өндөр үед дагаад цалинг нь нэмэх шаардлага гардаг. Үүнийг Н.Учрал ч бус үе, үеийн Ерөнхий сайд нар баримтлаад цалин, тэтгэврийг дагаж өсгөсөөр ирсэн. Гэвч бүтээмжийг нь нэмэгдүүлэхгүйгээр цалин өсгөөд байх нь үнийн өсөлтийг нэмэгдүүлдэг. Төрийн болон хувийн хэвшлийн цалингийн тогтолцоо нь тухайн хүний бүтээмжтэй уялдаггүйгээс болж макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэдэг сул талтай.
Сэтгэгдэл ( 0 )