Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсад 52 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 95 орчим хувийг иргэн, 5 орчим хувийг хуулийн этгээд спорт сургалт, харуул хамгаалалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байгааг Г.Тэмүүлэн сайд онцлоод, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг галт зэвсгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхүүдийг боловсронгуй болгох, улмаар хяналт, шаардлага, бүртгэлжүүлэлтийг тодорхой болгоход чиглүүлсэн гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан иргэний хамгаалалттай уялдуулан спорт сургалтын буудлагын төвүүдийг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг дэмжих шаардлагатай байна. Энэ нь нэг талаас улс орны үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нөгөөтэйгүүр галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хэрэглээг нь илүү тодорхой болгон бүртгэлжүүлэх нь зайлшгүй болсныг тодотгов.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Галт зэвсэг худалдаалдаг цөөхөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгодог нь эргээд тэдэнд давуу байдлыг үүсгэж, буу зэвсгийг хэд дахин нугалсан үнээр зарж борлуулсаар байна. Гэтэл тал хээрийн чоно, зэрлэг ан амьтнаас амь нас, гэр бүлээ хамгаалах зорилгоор буу хэрэглэж буй хөдөөгийн малчид өндөр үнэтэй зэвсэг худалдаж авч чаддаггүй. Төслийн хүрээнд уг асуудлыг хөндөж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн өрсөлдөөнийг бий болгож, үнийг нь бууруулах шаардлагатай байгааг төсөл санаачлагчдад анхааруулж байлаа.
Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт байгаа бөгөөд эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоож байсан тул дүрэм, журмаар зохицуулж байсан харилцааны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн галт зэвсгийн хууль бус хэрэглээг илүү тодорхой зохицуулах боломжийг бүрдүүлснээр нийгэмд үүсэж буй сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ

Сэтгэгдэл ( 0 )