Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Төв банкны 2012-2025 оны хооронд хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах зэрэг төсвийн шинжтэй хөтөлбөрт сүүлийн 14 жилд 15.8 их наяд төгрөг зарцуулсан нь голлон нөлөөлсөн байна.

Төсвийн шинжтэй үйл ажиллагаас гадна мөнгөний бодлогоын зардал нөлөөлсөн байж болно. Зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж, инфляцыг барихын тулд Монголбанк арилжааны банкнуудад өндөр хүүтэй үнэт цаас арилжаалдаг. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкнуудад төлөх хүүгийн зардал огцом өсөж, алдагдал болж эхэлдэг. Мөн түүнчлэн гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоос гаднаас авсан зээл, своп хэлцлийн хүүгийн төлбөр болон ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дахин үнэлгээний зөрүү алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Төв банк алдагдлаа нөхөхийн тулд Төсвөөс татаас авахгүй тохиолдолд мөнгө хэвлэх замаар урсгал зардал, хүүгийн төлбөрөө санхүүжүүлэх эрсдэл үүсдэг.

Алдагдал улам тэлэхээс болгоомжилсон Төв банк инфляцын эсрэг бодлогын хүүг шаардлагатай хэмжээнд хүртэл өсгөх шаардлагатай болно. Тэгэхээр энэ нөхцөл байдал бодлогын хүүг нэмэгдүүлэх нэг үндсэн шалтгаан болж болох юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-д 1.5 их наяд төгрөгөөр доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай үнэт цаасыг жил бүр гаргах, Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгасан. Мөн түүнчлэн ирэх онд валютын зах зээлд Төв банкны оролцоог хягаарлаж, ТӨК-иудын валютын орлогыг Монголбанк бүрэн худалдан авч, эргүүлэн зах зээлд нийлүүлдэг зохицуулалтаа үе шаттай татгалзах бодлого баримтлах аж.

Ташрамд дурдахад “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, 81.8% саналаар дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top