АПЕК-ийн гишүүн орнууд хамтарсан тунхаг баталлаа

Я.Болор | Zindaa.mn
22 минутын өмнө

БНХАУ-ын Шэньчжэнь хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалт өндөрлөж, 21 гишүүн орны удирдагчид эдийн засгийн өсөлт, худалдааны дижиталчлал, дэд бүтцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан тунхаг баталлаа.

Тунхагт, талууд дэлхийн эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд үйлчилгээний салбар, тэр дундаа дижитал үйлчилгээний өрсөлдөх чадварыг цаашид бэхжүүлэхээр тохиролцжээ. Мөн худалдаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг цахимжуулах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бүтцийн шинэчлэл хийхээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн бүс нутгийн уялдаа холбоог эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэмээн тодорхойлж, аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ, чанартай дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Эрчим хүчний чиглэлд найдвартай, тасралтгүй нийлүүлэлтийг хангахын зэрэгцээ алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдийг хямд, чанартай эрчим хүчээр хангах, мөн худалдаа ба экологийн зорилтуудыг уялдуулах асуудлыг онцолсон байна.

Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд төсөв, мөнгө, санхүүгийн уян хатан бодлого баримталж, хил дамнасан авлигатай үр дүнтэй тэмцэх, авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдэд орогнол олгохгүй байх зарчмыг баримтлахаар санал нэгджээ.

Уулзалтын төгсгөлд АПЕК-ийн дараагийн дээд хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах улсуудын хуваарийг зарласан бөгөөд 2027 онд Вьетнам, 2028 онд Мексик, 2030 онд Сингапур, 2031 онд Япон, 2032 онд Чили, 2033 онд Папуа Шинэ Гвиней, 2034 онд Перу улсад тус тус зохион байгуулахаар болсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top