Anthropic компани IPO гаргаж, дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

Claude хиймэл оюуныг бүтээгч “Anthropic” компани хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргалаа. Лхагва гарагийн орой тус компани нэг тэрбум орчим хувьцаагаа тус бүрийг нь 83 доллараар үнэлж, нийт 79.4 тэрбум доллар татан төвлөрүүлснээ зарлалаа. Ингэснээр өнгөрсөн зургаадугаар сард “SpaceX” компанийн тогтоосон 75 тэрбум долларын дээд амжилтыг эвджээ. Тус компанийн хувьцаа пүрэв гарагаас /2026.11.19/ эхлэн Nasdaq бирж дээр арилжаалагдаж эхэлнэ.

Тус компани 2045 он гэхэд дата төвүүдэд нэг их наяд орчим доллар оруулах үүрэг хүлээсний сацуу ойрын хугацаанд ашигтай ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа ч хувьцааг нь худалдан авах хүсэлтэй хөрөнгө оруулагчид олон буйг шинжээчид онцолжээ. Үүнд гурван гол шалтгаан байгааг шинжээчид тайлбарлажээ.

Microsoft, Google зэрэг компаниудын хувьд хиймэл оюун ухаан нь бизнесийн нэг хэсэг байдаг бол Anthropic компанийн хувьд зөвхөн хиймэл оюун ухааныг хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүн болгон худалддаг, чөлөөт арилжаанд гарч буй анхны компани юм. Өмнө нь технологийн хувьсгалаас ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулагчид зөвхөн чип, үүлэн дэд бүтэц нийлүүлдэг Nvidia зэрэг компанид л хөрөнгө оруулах боломжтой байсан.

Шинжээчдийн ярьснаар, ирээдүйн технологид итгэдэг хөрөнгө оруулагчид их бий. “Anthropic” компанийн үүсгэн байгуулагчид ч тэдэнд хувьцаагаа “гайхамшгийн эрин үед хүргэх тасалбар” хэмээн сурталчилж, хиймэл оюун ухааны сүйрлээс хамгаалах даатгал болгон танилцуулж байна. Учир нь Claude оюуны хөдөлмөр эрхлэгчдийг орлох тохиолдолд хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө халагдсаны ашгаас хувь хүртэх боломжтой. Тиймээс ашгаас илүү аюулгүй байдлыг чухалчилдаг хөрөнгө оруулагчдыг татаж байна гэж шинжээчид үзжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top