“OpenAI” компани АНУ-д хиймэл оюун ухааны салбарт аюулгүй байдлын үндэсний хэмжээний зохицуулалт нэвтрүүлэхийг дэмжиж байна гэж тус компанийн бодлогын хэлтсийн дарга Крис Лехейн мэдэгджээ.
Ирээдүйд хиймэл оюун ухаан нь хиймэл оюуны тусламжтай хурдцатай хөгжих тул компанийн сайн дурын үүрэг, хариуцлагаас илүү зүйл шаардагдана. Тиймээс АНУ-д үндэсний хэмжээний зохицуулалт шаардлагатай бөгөөд технологийн хөгжилтэй зэрэгцэн улам боловсронгуй болж байх учиртай гэж Лехейн онцолсон байна. OpenAI хяналтын ийм арга хэмжээ авах зорилгоор Конгресстой хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн тус компани хиймэл оюун ухааны хөгжлийн хурдыг сааруулах боломжийг судалж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Тус компанийн ерөнхий захирал Сэм Альтман компанийн дотоод хурлын үеэр OpenAI хиймэл оюун ухааны боловсруулалтын хурдыг удаашруулах боломжтой гэж мэдэгдсэн байна. Альтман энэхүү санааг нь хиймэл оюун ухаан хөгжүүлдэг бусад компаниуд дэмжиж, ийм алхам хийнэ гэж найдаж байна.
Энэ долоо хоногийн эхээр “Anthropic” компанийн судлаач Жейкоб Коксон салбараасаа явж буйгаа мэдэгдсэний дараа хиймэл оюун ухааны боловсруулалтын аюулгүй байдлын асуудал дахин олны анхаарлын төвд орж ирсэн билээ. Тэрбээр энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа, технологийн корпорацуудын өрсөлдөөн дэлхий ертөнцийг 2027 оны сүүл гэхэд сүйрэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоодугаар сард OpenAI компанийн боловсруулсан хиймэл оюуны загварууд нь туршилтын үеэр машин сургалтын Hugging Face платформын дэд бүтцийг өөрсдөө эвдсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Хожим нь энэ нь нэг удаагийн бус тохиолдол болох нь мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )