Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, үр дүнг хэлэлцэх салбар дундын хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалт боллоо.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцож, цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрт илрүүлэх үзлэгийн хэрэгжилт, үр дүн болон цаашдын арга хэмжээг хэлэлцэв.
2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт 236,853 суралцагч хамрагдсан нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2 хувийг эзэлж байна.
Уулзалтын үеэр хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад E-Mongolia системээр дамжуулан шуурхай хүргэх, салбар дундын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад тогтмол мониторинг хийх удирдамжийг батлан хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Мөн цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэх үзлэгийн үндэсний тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай бодлогын шийдэл, саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар тогтов.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгож, боловсрол болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )