БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэнжэн хотноо энэ сарын 18-19-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллаганы байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын албан бус уулзалтыг даргална гэж тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ.
Уулзалт “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг уулзалтыг даргалж, үг хэлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 17–18-ны өдрүүдэд Ши Жиньпин мөн АПЕК-ийн бизнесийн салбарын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, бодлогын илтгэл тавина.
Түүнчлэн БНХАУ-ын дарга АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч, төлөөлөгчдөд зориулж хүндэтгэлийн зоог барихаас гадна гадаадын удирдагчидтай хоёр талын уулзалт хийнэ.
АПЕК-ийн удирдагчдын 33 дахь удаагийн албан бус уулзалт арваннэгдүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэнжэн хотод болно. Энэ үеэр АПЕК-ийн Бизнес дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах бөгөөд үүнд бизнес, төр засаг болон хэвлэл мэдээллийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно. Албан ёсны мэдээллээс үзвэл оролцогчид бүс нутгийн интеграцчилал, технологийн хөгжилд гол анхаарлаа хандуулна.Оролцогчид Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах дараагийн алхмуудыг хэлэлцээс гадна хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн хөгжил болон ногоон технологид шилжих асуудалд анхаарлаа хандуулна.
Хятадын талаас технологийн томоохон төв болсон Шэнжэн хотыг багтаасан Гуандун — Хонконг — Макаогийн Их булангийн бүсийг хөгжүүлэх санаачилгуудаа танилцуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Москва болон Вашингтон Владимир Путин, Дональд Трамп, Ши Жиньпин нарын гурван талт уулзалтад өндөр ач холбогдол өгч, агуулгыг нь боловсруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдсэн билээ. Дэлхий дахин гурван талт дээд хэмжээний уулзалтад анхаарлаа хандуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )