АПЕК-ийн чуулганаар Жо Байденд гарч ирсэн БОЛОМЖ

2023 оны 11 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сан-Франциско хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Ази руу анхаарал хандуулах боломж гарч ирсэн талаар гадны хэвлэлүүд бичжээ. Түүний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь Ази дахь Америкийн нөлөөг сэргээх юм.

Азийн орнуудын удирдагчдын оролцсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр “АНУ нь бүс нутгийн ирээдүйд өмнөхөөсөө ч илүү чухал байр суурьтай байгаа. Энэ нь албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс хойш л манай засаг захиргааны алсын хараа байсан” гэв. Гэхдээ Ойрх Дорнод дахь мөргөлдөөнүүд зэрэг нь Байденыг алсын хараагаа бодит болгоход нь төөрөгдүүлж байгаа аж.

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Тэд өмнө нь ганцхан удаа буюу жилийн өмнө Индонезид болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзаж байсан юм. Хоёр улсын удирдагчийн энэ удаагийн уулзалтын хамгийн гол сэдэв нь зэвсэгт хүчний салбар дахь хоёр орны харилцааг хэвийн түвшинд эргэн аваачих гэдгийг Жо Байден хэлсэн билээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хоёр улс амжилтад хүрэхэд дэлхий хангалттай том юм” гэж хэлжээ. Ши Жиньпин Хятад, АНУ-ын харилцаа саадгүй байгаагүйг хэлээд “Гэхдээ бид урагшилсаар байна. Ийм хэмжээний хоёр улс нэг нэгнээсээ нүүр буруулах ёсгүй” гэсэн байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Бид бие биедээ буруу ойлголт төрүүлэхгүй, төөрөгдөл үүсгэхгүйн тулд нүүр тулан ярилцах нь чухал. Өрсөлдөөн нь зөрчилд хүрэхгүй байхад бид анхаарал тавих ёстой юм” гэжээ. Уулзалтын дараа Хятадын дарга Ши Жиньпин АНУ-Хятадын харилцааг дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэж тодотгов.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөсөн нь АПЕК-ийн чуулганы ач холбогдол, анхаарлыг өөр зүгт хандуулсан талаар гадны хэвлэлүүд бичиж буй. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч, өрсөлдөгч хоёр орны Төрийн тэргүүн хурцадмал харилцаагаа тогтворжуулахаар эрмэлзэж байв. АНУ-ын зүгээс тэдний уулзалтаас дэлхийд нөлөөлөх том шийдвэр гарна гэж хүлээх хэрэггүй гэсэн ч олон улсын анхаарал тэдэн рүү төвлөрчээ.

Ирэх онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх Жо Байдены хувьд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр эргэлзээ нь бага ч болов буурсан гэж шинжээчид дүгнэж байна.

Тэрбээр мөн БНСУ, Японы төр, засгийн тэргүүнүүдтэй ойр байжээ. Энэ нь АНУ Ази дахь холбоотнуудтайгаа улам ойр дотно харилцаатай болсны илэрхийлэл гэж хэвлэлүүд бичиж байна.

Зохион байгуулалттай уулзалт

АНУ-ын албаныхан Сан-Франциско дахь хоёр улсын Төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулахын тулд ажиллаж, Бээжинтэй “зарчмын тохиролцоо”-нд хүрсэн аж. АПЕК нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 62 орчим хувь, дэлхийн худалдааны тал хувийг бүрдүүлдэг 21 гишүүн орны эдийн засгийн бүлэг боловч АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөний талбар болж хувираад байгаа гэх.

АПЕК-ийн уулзалтын өмнө АНУ-ын Сангийн сайд Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Линтэй уулзсан. Тэрбээр АПЕК-ийн орнуудаас бид АНУ, Хятадын аль нэгийг сонгохыг шаардахгүй гэжээ.

АПЕК-ийн удирдагчдын уулзалтын үеэр ямартай ч АНУ, Хятадын харилцаанд сүүлийн хэдэн сард байсан сөргөлдөөн зөөлөрч, эерэг үр дүнд хүрчээ. Хятад улс түүхэндээ анх удаагаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаа улирлын алдагдалтай гарсны дараа АНУ-ын бизнесүүдтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байжээ.

Үүрэг

АПЕК-ийн чуулганы үеэр олон хоёр талт уулзалт болсны нэг нь Хятад-Японы удирдагчдын уулзалт байв. Хятадын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар цаг орчим хэлэлцээ хийж, хоёр улсын стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, холбоо хэлхээг шинэ түвшинд гаргахыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Мөн Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхжилд бохирдсон усыг шүүж цэвэршүүлэн далайд асгаж байгаатай холбоотой асуудлыг шийдэх үүднээс тохиромжтой цаг үед өндөр түвшний эдийн засгийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохирсон талаар Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хятадын удирдагч мөн энэ үеэр хоёр улс шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад-Японы харилцааг цогцлоох үүрэг хүлээх ёстой гэдгийг мэдэгджээ.

АПЕК-ийн гишүүн 21 улсын удирдагч дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, хөрөнгө оруулалтын сэдвээр голлон ярилцсан байна.

Уулзалтыг даргалагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден томоохон компаниудын захирлуудтай уулзах үеэрээ “Ази, Номхон далайн бүс нутаг АНУ-ын эдийн засагт чухал үүрэгтэй. Энэ холбоо харилцааг Вашингтон цаашид ч бэхжүүлэх бодолтой байна” гэж мэдэгдсэн аж. Түүний хэлснээр, АНУ-ын экспортын 60 хувь нь АПЕК-ийн орнуудад ногддог бөгөөд эдгээр орнуудын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх сурвалж нь Америкийн үйлдвэр аж ахуйн газрууд байдаг гэнэ.

Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн ногоон эрчим хүч, агаарын тээвэр, кибер аюулгүй байдал зэрэг салбарт АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ энэ онд 50 тэрбум орчим ам.доллар болсон гэж Америкийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top