"Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төслийн нээлт болов

2 цагийн өмнө

"Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төслийн нээлт арванхоёрдугаар сарын 4-нд боллоо. Төслийн зорилго нь Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнд гар сунган тусласан баатарлаг гавьяаг олон нийтэд таниулах, тэр дундаа Монголын Ховд аймгаас Оросын Алтайн хязгаарын Бийск хот руу 1200 тэмээтэй жингийн цуваа фронтод хүмүүнлэгийн тусламж хүргэсэн түүхэн үйл явдлыг алдаршуулах, мөн манай ахан дүүсийн харилцаатай хоёр орон хамтын түүхийн янз бүрийн үед нэг нэгэндээ үзүүлж ирсэн дэмжлэг туслалцааны түүхэн дурсгалыг хадгалан хамгаалахад оршино.

 Төслийг Монголын «Үнэнч мөнх андууд» холбоо санаачилсан бөгөөд төслийн хүрээнд холбооны идэвхтэнүүд 1942–1943 онд тэмээн жингийн цувааны туулсан замаар аялж, түүхэн замыг нь тодруулах, дурсгалын самбар, багана суурилуулж, энэхүү үйл явдлын талаар шинэ мэдээлэл цуглуулах ажлыг хийх юм. Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймаг болон ОХУ-ын Горно-Алтайск, Бийск, Барнаул хотуудад экспедицийн оролцогчид түүхэн гэрэл зураг, баримт материалын үзэсгэлэн гаргаж, орон нутгийн иргэдэд Монголын ард түмний түүхэнд үлдээсэн энэ гайхалтай үйл явдлын талаар лекц уншина.

Холбооны эцсийн зорилго нь тэмээн жингийн зам дагуу аялал жуулчлалын шинэ чиглэл бий болгож, монголчуудын нүүдлийн соёлыг өргөнөөр сурталчлах юм. Ирээдүйд уг түүхэн маршрутаар монгол тэмээгээр аялах экспедици зохион байгуулах төлөвлөгөө ч бас бий.

Төслийг 1941–1945 онд Монгол Улсаас фронтод явсан 87 монгол болон орос эх орон нэгтний нэрсийг сийлсэн «Тогоруунууд» дурсгалын хөшөөний дэргэдээс эхлүүллээ. «Үнэнч мөнх андууд » холбооныхон төслөө ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд А.Н.Евсиковт өмнө нь танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top