Оросын Холбооны Улсын Москва хотноо зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны дэд бүс нутгийн хөтөлбөрийн (NEASPEC) гишүүн орнуудын Ахлах албан тушаалтнуудын 29 дүгээр уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй төрийн болон шинжлэх ухаан, судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзалтын үеэр 2027 оноос хэрэгжүүлэх бүс нутгийн байгаль орчны хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлж, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн оролцоотойгоор хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, технологи, мэдлэг, туршлага солилцохыг гишүүн орнуудад уриаллаа.
Мөн 2025 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан тус хөтөлбөрийн 28 дугаар уулзалтаас хойш Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, эрх зүйн шинэчлэл, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд ердийн хөгжлийн хувилбартай харьцуулахад 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хуультай болсон зэрэг ахиц дэвшлийг онцлов.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) даргалагч орны хувьд тус хурлын үр дүнд дэвшүүлсэн арван жилийн хугацаатай “Тал хээрийн төлөвлөгөө”-г бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулж, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, хуурай бүс нутгийн ус, газрын нөөцийн нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.
Түүнчлэн COP17-ын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газартай хамтран эхлүүлсэн Зүүн хойд Азийн элс, шороон шуургатай тэмцэх 2026–2034 оны хамтарсан санаачилгын хэрэгжилтэд Монгол Улс манлайлан ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, шинжлэх ухааны мэдээлэл солилцох, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, элс, шороон шуурганы эх үүсвэр, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэр, хүн, зэрлэг амьтдын зөрчил, агаарын бохирдол зэрэг тулгамдаж буй асуудлыг хөндөж, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологийн коридорыг хөгжүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн дараах экологийн хохирлыг үнэлэх, экосистемийг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал дэвшүүллээ.
Бүс нутгийн байгаль орчны хамтын ажиллагааны амжилтыг шинээр дэвшүүлсэн санаачилга, баталсан бодлогын баримт бичгийн тоогоор бус, тэдгээрийн бодит хэрэгжилт, байгаль орчин, эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, хүнс, усны аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрээр хэмжих учиртайг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )