Жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна

54 минутын өмнө

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ. Гэвч хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлтэй байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг. Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top