Монгол Улс Дэлхийн химийн бодисын мониторингийн шинэ төсөлд нэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
6 минутын өмнө

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр (Global Chemicals Monitoring Programme, GCMP)-ийн хүрээнд хэрэгжүүлэх "Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх" төслийн Азийн бүсийн эхлэлийн уулзалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо боллоо.

Энэхүү төсөл нь дэлхийн таван бүс 54 оронд хэрэгжиж байгаа GCMP хөтөлбөрийн Азийн бүсийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Азийн 10 орныг хамарч хэрэгжинэ. Уулзалтад Монгол Улсыг төлөөлөн БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга, Стокгольм болон Минаматагийн конвенцын үндэсний зохицуулагч Г.Энхмөнх оролцож байна.

Төслийн хүрээнд Монгол Улсад удаан задардаг органик бохирдуулагч (POPs) болон мөнгөн усны урт хугацааны мониторингийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх, шинжилгээ, мониторингийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах үйл явцыг дэмжинэ.

Дэлхийн хэмжээнд уялдуулсан мониторингийн аргачлалыг ашиглан бохирдуулагч бодисын суурь агууламжийн мэдээллийг цуглуулах замаар Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг үнэлэх, олон улсын байгаль орчны зорилтын хэрэгжилтэд оруулах хувь нэмэр, хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн уг төслийн үр дүнд хүн ам агаар, ус, хүнсээр дамжин удаан хугацаанд өртөж буй хорт химийн бодисын түвшнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, улмаар хүний эрүүл мэнд, байгаль орчны эрсдэлийг илүү бодитой тодорхойлох боломж бүрдэнэ.

Энэхүү хөтөлбөр нь Стокгольмын конвенцын хүрээнд 2009 оноос хэрэгжиж ирсэн Удаан задардаг органик бохирдуулагчийн дэлхийн мониторингийн төлөвлөгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Минаматагийн конвенцыг хамруулан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top