Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй С.Даваасүрэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд хилийн хориг тавьж, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх санал шүүхэд хүргүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, прокурорын санал болон яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дээрх таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )