Өнгөрөгч аравдугаар сарын 27-ны өдөр “Премьер тэйлор” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас саатуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Эргэн сануулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” цогцолбор дахь түрээсийн байрнаас Монгол Улсын иргэн Т.Зоригийг Франц улсын иргэнтэй хамт мансуурч байхад нь саатуулж, биологийн шинжилгээ авахад хар тамхи, мансууруулах төрлийнбодис хэрэглэсэн нь тогтоогдож эрүүгийн … тоот хэрэг үүсгэн шалгаж байна.
Уг хэргийн улмаас Т.Зоригийг цагдан хорьсон боловч түүний өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлт гаргаснаар шүүхийн байгууллага зөвшөөрч, өнөөдрийн байдлаар тэрбээр бидний дунд сул чөлөөтэй явж байна.
Харин түүнтэй хамт саатуулагдсан Францын иргэний тухайд Монгол дахь Францын элчин сайдын яаманд хандаж, хэрэгт шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа гэх бөгөөд энэ хэрэгт Гадаад харилцааны яам оролцож эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, уг хэрэг нь ганцхан хүний мансуурсан тухайд биш бөгөөд гадаад болон дотоодын хэд хэдэн хүний хамааралтай хар тамхины сүлжээ байж болзошгүй аж.
Тодруулж хэлбэл хэрэгт нэр дурдагсан Т.Зоригийн дүү болох Т.Итгэл гэгч нь олон жилийн өмнөөс хар тамхи мансууруулах бодисийн хэрэглээтэй байсан гэгдэх ба дээрх сүлжээг иргэн О, өмнө нь хар тамхины хэргээр шалгагдаж байсан иргэн Е нараар дамжуулан бусдад зарж борлуулах томоохон сүлжээ бий болгосон тухай нөхцөл байдал илэрсэн байна.
Түүгээр барахгүй уг сүлжээнд хуулийн байгууллагын томоохон албан тушаалтнууд хамааралтай гэх ба эдгээр албан тушаалтнууд хэргийг нуун дарагдуулах тухай “нууц” үүрэг өгсөн байна.
Энд дурдахад, Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жил бүр 20-25 хувиар өсөж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэгт холбогдогчдын дийлэнх нь залуучууд байна. Хэрэгт холбогдогчдын 85 хувь нь 18-35 насныхан байгаа ба сүүлийн есөн жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 311,560 гэмт хэрэг бүртгэгдсэний 0.64 хувь буюу 2100 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг байжээ. Эдгээр хэрэгт нийт 2422 хүн холбогдсон байдаг.
Бид уг хэргийн шалгалтын явцын мэдээллийг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )