“ТӨВ АЗИД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЗООНОЗЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ (CBRN P109)” ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улс нь Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв (EU CBRN CoE)-д 2018 онд нэгдэн орсон.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс нь Европын Холбооны CBRN CoE санаачилгын хүрээнд хэрэгжиж буй “Төв Азид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулах (CBRN P109)” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж буй биологийн болон нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, ялангуяа зоонозын халдварт өвчний тархалт, нөлөөллийг хязгаарлах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цаг агаарын эрс тэс үзэгдлийн нөлөөгөөр халдварт өвчний тархалтын хэв шинж өөрчлөгдөж, зоонозын өвчний эрсдэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Ийм нөхцөлд CBRN P109 төсөл нь хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулах чиглэлээр засаглал, бодлогын зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж, зоонозын өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний тогтолцоог боловсронгуй болгох, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж байна.
Тус төсөл нь 2025–2028 оны хугацаанд Европын Холбооны санхүүжилттэйгээр хэрэгжих бөгөөд бүс нутгийн улс орнуудыг хамруулсан, олон улсын байгууллагуудын хамтын оролцоотой хэрэгжинэ. Монгол Улсад хэрэгжих хүрээнд төслийн баг 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, зоонозын өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний өнөөгийн тогтолцоонд үнэлгээ хийх, цаашдын чадавх бэхжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын сайн туршлага, арга зүйг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )