Зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Драгон холдинг” ХХК хамтран Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг иж бүрэн шинэчилжээ.
Тус төв нь сүүлийн 23 жилийн турш улс, хот хоорондын зорчигч тээврийн гол зангилаа болж ирсэн бөгөөд өдгөө 53 аж ахуйн нэгжтэй хамтран 17 аймаг болон ОХУ-ын Улаан-Үдэ хотын чиглэлд өдөрт 160–300 тээврийн хэрэгслээр 2500–4000 орчим зорчигчид үйлчилж байна.
Шинэчлэлийн хүрээнд 837 ам метр барилга, 1600 ам метр зорчигч буух, суух талбай, 4000 ам метр автобусны хүлээлгийн талбайг иж бүрэн засварласан байна. Мөн дулаан, цахилгаан, ус хангамж, гэрэлтүүлэг, агааржуулалтын системийг сайжруулж, тасалбар борлуулах, лавлагаа өгөх, тээш хадгалах үйлчилгээ болон зорчигчдын хүлээлгийн танхимыг шинэчилжээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, бага насны хүүхэдтэй зорчигчдод ээлтэй орчин бүрдүүлж, автобусны хөдөлгөөний зохион байгуулалт, зорчигчдын аюулгүй байдал, ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулан нэгдүгээр зэрэглэлийн автобусны буудлын стандартын шаардлагад нийцүүлсэн байна.
Шинэчлэлийн үр дүнд тус төв 17 чиглэлд өдөрт 400 хүртэлх тээврийн хэрэгслээр 18 мянга хүртэлх зорчигчид үйлчлэх хүчин чадалтай болжээ.
Ингэснээр нийслэлээс орон нутаг руу зорчих иргэдэд илүү тав тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна.





Сэтгэгдэл ( 0 )