Авлигатай тэмцэх газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн хуульд заасан авлигын 12 төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Эдгээрээс 2,363 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бол 1,363 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 3.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэн бөгөөд 2022 онд хамгийн өндөр буюу 2.3 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Тухайлбал, тухайн онд нөхөн төлүүлсэн хөрөнгөөс 767.4 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд, 721.2 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт, 647.2 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-т, 235.4 тэрбум төгрөгийг “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт тус тус төвлөрүүлжээ.
Түүнчлэн гадаад улсаас хөрөнгө буцаан авчирсан хэргүүдийн нэг нь олон нийтэд “Лондонгийн хэрэг” нэрээр танигдсан авлигын хэрэг юм. Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахуулийн мөнгөөр Лондон хотод орон сууц худалдан авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.
Уг хэргийн хүрээнд нийт 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 116 ам метр талбайтай орон сууцыг төрийн өмчит үйлдвэрийн өмчид шилжүүлжээ. Одоогоор тус орон сууцыг түрээслүүлж байгаа бөгөөд түрээсийн орлогыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Энэрэл” хүүхдийн асрах төвийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа аж.
Мөн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд гадаадын гүйцэтгэгч компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг буцаан төлүүлсэн байна. Ингэснээр улсын төсвөөс тухайн зээлийн хүүгийн төлбөрт зарцуулж байсан зардлыг зогсоожээ.
Харин авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хохирол нөхөн төлүүлэхээс гадна урт хугацааны бодлогын өөрчлөлт шаардлагатай байгааг АТГ-аас онцоллоо.
Тухайлбал, улс төрийн намын санхүүжилт, хандивыг ил тод болгох, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
МАН чид ямар аймаар их мөнгө буюу бидний Оюу толгойгоос авах ноогдол ашгаас ч илүү ихийг хулгайлжээ, аймаар юмаа.