Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигын гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, яллагдагч Б.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжийг зөрчин, нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олгосон хэрэгт холбогджээ.
Тэрбээр холбогдох журмын дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас хаягийн тодорхойлолт аваагүй үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосныхоо хариуд 2025-2026 онд үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт шалгагдаж байна.
Мөн нэр бүхий 25 иргэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Мөрдөгчийн мэдэгдэлд тухайн авлигын гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоон дурдаж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр 12 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хариу ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )