Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20–22-нд БНСУ-ын Мүжү хотын “Taekwondowon” цогцолборт болно.
Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав өрсөлдөж байна.
Тус жинд нийт 13 тамирчин оролцож байгаа бөгөөд "Парис-2024" паралимпын аварга У.Сүрэнжав хоёрдугаарт эрэмбэлэгдэн, эхний тойрогт өнжиж, шууд шөвгийн наймд шалгарсан юм.
Улмаар шигшээ наймд ОХУ-ын Мария Фисенкотай учраа таарч 2:0-ээр ялж, хагас шигшээд шалгараад байна.
Манай тамирчин аваргын төлөөх хариуцлагатай тулаанд Ираны Захра Рахимитай хүч үзнэ. У.Сүрэнжав "Парис-2024" паралимын наадмын аваргын төлөөх өрсөлдөөнд түүнийг 5:2-оор ялж байсан юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, энэ удаагийн тэмцээнд 62 орны 245 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Дүрвэгсдийн багийн тамирчид мөн дэвжээнд гарах юм.
Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч сорино. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн -58 кг-ын жинд ОУХМ Х.Темирбек, -63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, -70 кг-ын жинд ОУХМ Б.Шинэбаяр нар өрсөлдөнө.
Тулаан K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд явагдана.
“Мүжү-2026” ДАШТ-д “Парис-2024” паралимпын наадмын найман аварга оролцож байгаагаараа онцлогтой. Тэдний дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпын аварга У.Сүрэнжав багтаж буйг Дэлхийн таеквондогийн холбоо онцолжээ. Мөн Азербайжаны Имамаддин Халилов, Бразилын Ана Каролина Силва де Моура, Израилын Асаф Ясур, Туркийн Махмут Бозтеке, Узбекистаны Асадбек Тоштемиров, Их Британийн Эми Трусдейл, Мэтт Буш нар өрсөлдөж байна.
Түүнчлэн саяхан болсон “Айчи-Нагояа-2026” Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Узбекистаны Гулжонои Наимова, Тайванийн Шян Вэнь Шяо нар Мүжүгийн дэвжээнд өрсөлдөх юм.
Дүрвэгсдийн багийг “Парис-2024” паралимпын наадамд оролцсон Хади Хассанзада тэргүүтэй гурван тамирчин төлөөлнө.
Ийнхүү 2023 онд Мексикийн Веракрус хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш гурван жилийн дараа пара таеквондогийн дэлхийн шилдгүүд БНСУ-д дахин чуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, ОУХМ Х.Темирбек нар тэмцээндээ өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )