НҮБ-ын олон улсын шүүх Мьянмарын өмнөх удирдагчид мусульман шашинтай рохинжа үндэстний цөөнхийн эсрэг үй олноор хоморголон устгах буюу геноцид үйлдсэн гэж үзжээ.
Олон улсын шүүхийн дарга Южи Ивасавагийн хэлснээр, энэ нь түүхэн хэмжээний шийдвэр. Учир нь өнөөг хүртэл Олон улсын шүүх бүхэл бүтэн улс орныг геноцид үйлдсэн хэрэгт буруутгаж байгаагүй юм. Гамби улсын санаачилгаар эхлүүлсэн шүүх ажиллагаа долоон жил үргэлжилжээ. 2019 оны арваннэгдүгээр сард Гамби улс Исламын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ Гамби улс зөвхөн цэргийнхнийг бус, харин Мьянмар улсыг бүхэлд нь геноцид үйлдсэн хэмээн буруутгажээ.
Мьянмар улсын цэргийн дэглэм 2016-2017 онуудад Ракхайн мужид мусульман шашинтай рохинжа үндэстний цөөнхийн эсрэг аймаглан устгах ажиллагаа явуулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2017 оны найм, есдүгээр сард Ракхайн мужаас рохинжа нарыг бөөнөөр нь хөөн гаргасан явдал нь онцгой харгислалаар ялгарсан цэргийн ажиллагаа байв.
ВВС агентлагийн Зүүн Өмнөд Ази дахь сурвалжлагч Жонатан Хед тухайн үед үйл явдлын голомтод нэвтэрч чадсан цөөн сэтгүүлчийн нэг бөгөөд Ракхайн мужид рохинжа нарын тосгодыг хэрхэн санаатайгаар шатааж байсныг өөрийн нүдээр харж, хөрш Бангладеш руу дүрвэсэн хэдэн зуун мянган хүний аймшигт зовлон зүдгүүрийг ажиглаж байснаа дурсан ярьжээ.
Хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын баримт тогтоох төлөөлөгчийн газар Мьянмарын цэргийн албан хаагчдын үйлдсэн аллага, эрүү шүүлт, бөөнөөр хүчирхийлсэн гэмт хэргийн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг нарийвчлан баримтжуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарснаар Мьянмар улс нь нацист Герман, Руандагийн хуту босогчид болон Сребреницад бөөнөөр нь хядлага үйлдсэн Боснийн сербүүдтэй нэг эгнээнд бичигдэхээр болж байна.
Энэхүү шийдвэр нь одоо Мьянмарыг удирдаж буй генерал Мин Аун Хлайнд хүнд цохилт болно. Тэрбээр 2017 оны цэргийн ажиллагааг голлон хариуцаж байсан бөгөөд сүүлийн саруудад олон улсын тавцан дахь өөрийн маш эргэлзээтэй нэр хүндээ өөрчлөхийг оролдож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )