НҮБ-ын шүүх Мьянмарт рохинжачуудыг хамгаалах үүрэг болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

НҮБ-ын олон улсын шүүх рохинжа ястныг хоморголон устгахаас хамгаалагдах эрхтэй гэж үзэж, Мьянмарын засгийн газрыг тэднийг хамгаалах бүхий л арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Дөрвөн сарын дараа тус улсын эрх баригчид НҮБ-д авсан арга хэмжээний талаар тайлан тавих ёстой бөгөөд үүнээс хойш энэ хэргээр тус шүүх эцсийн шийдвэр гаргах хүртэл хагас жил тутам тайлагнах ёстой болжээ. Энэ шийдвэрийг олон улсын шүүхийн 17 шүүгч бүгд санал нэгтэй дэмжсэн байна. Хэдийгээр энэ шийдвэрийг эрх зүйн хувьд заавал биелүүлэх ёстой ч түүнийг хэрэгжүүлэх механизм олон улсын шүүхэд байдаггүй.

НҮБ-ын олон улсын шүүхийн дарга Абдулкави Юсуф 2017 онд Мьянмарын цэргийнхэн рохинжачуудын эсрэг тэнцвэртэй бус хүч хэрэглэж, олон улсын эрх зүйг зөрчсөн, рохинжачуудын газар нутагт ажиллагаа явуулсны дараа энгийн иргэд рохинжачуудын суурин газруудыг тонон дээрэмдэхэд саад хийгээгүй гэсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн хэмээн мэдэгджээ. 2016 оны аравдугаар сараас 2017 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Мьянмарын цэргийнхэн Ракхайн мужид үндэстний эсрэг цэвэрлэгээ явуулсан хэмээн Гамби улс НҮБ-ын шүүхэд хандсан билээ.
Гэхдээ энэхүү шийдвэр олон улсын шүүх Ракхайн мужид болсон үйл явдлыг хоморголон устгах ажиллагаа гэж үзсэн хэрэг бус юм. Гэсэн хэдий ч энэ шийдвэрийг Хоморголон устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Олон улсын конвенцыг дагуу гаргажээ.

Мьянмарын тэргүүн, Энх тайвны Нобелийн шагналт Ан Сан Су Чи шүүх хурал дээр өөрийн улсаа өмгөөлж үг хэлэхдээ энэ нь зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа байсан гэж мэдүүлж байсан юм. Гурван хоногийн өмнө тус улсын засгийн газраас гаргасан мэдэгдэлд цэргийнхний ажиллагаанд хоморголон устгах шинж тэмдэг илрээгүй гэж дурдсан бөгөөд энэ шийдвэр гарсны дараа дахин ийм байр суурийг илэрхийлжээ.  

Рохинжа ястан нь Буддын шашинтай Мьянмар улс дахь исламын шашинт үндэсний цөөнх юм. Олон зууны туршид тэд тус улсын баруун өмнөд бүс нутаг болох Ракхайн мужид аж төрсөөр иржээ. 2016-2017 оны хооронд Мьянмарын арми эрх баригчдын хэлснээр “Аракан рохинжаачуудыг аврах арми”-йн салан тусгаарлагч, босогчдын эсрэг чиглэсэн цэргийн ажиллагааг Ракхайн мужид явуулсан юм. Гэрчүүдийн ярьснаар, цэргийнхэн рокхинжачуудыг олон тоогоор хөнөөж, хүчирхийлж, зэрлэгээр харьцаж байсан бөгөөд эцэст нь тэд хөрш Бангладеш улс руу дүрвэсэн юм. НҮБ-ын мэдээллээр, нийт 742 мянган рохинжа Бангладеш рүү дүрвэн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top