Мьянмарт асар хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2800 гаруй хүн амиа алдаад байна. Энэ тоо өснө. Газар хөдөлсөөр байгаа тус улсад нэг минут чимээгүй зогсож, амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн. Гэвч байгалийн гамшиг Мьянмарт дөрвөн жил үргэлжилж байгаа иргэний дайныг зогсоосонгүй.
Цэргийн ажиллагаа үргэлжилсээр
Олон мянган хүний амь үрэгдэж, их хэмжээний сүйрэл, хохирол амссан ч тус улсад цэргийн ажиллагаа үргэлжилсэн хэвээр төдийгүй цэргийн дэглэм гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад агаарын цохилт өгч байна. Үүний улмаас Шан мужийн Наунгчод долоон хүн амиа алджээ. Агаарын цохилтыг газар хөдлөлт болсноос хойш гуравхан цагийн дараа өгчээ.
Босогчдын мэдээллээр, цэргүүд газар хөдлөлтөд өртсөн Сайган хот руу дайрчээ. Байгалийн гамшгийн голомт болсон Чаунг У тойрог өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн л агаарын цохилтод өртсөн байна.
Гуравдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад 7.7-.7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Үүний улмаас хамгийн сүүлийн мэдээллээр, 2800 гаруй хүн амиа алдаж, бэртэж, гэмтсэн хүний тоо 4500-г даваад байна.
Байгалийн гамшиг болсны дараа агаарын цохилт өгсөн явдлыг НҮБ-аас туйлын балмад үйлдэл хэмээн буруутгасан. НҮБ-ын тусгай илтгэгч Том Эндрюс ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа, газар хөдлөлтийн дараа хүмүүс нурангид дарагдсан нэгнээ аврах гэж хичээж байхад бөмбөг хаясаар байгаа нь санаанд багтамгүй гээд цэргийн дэглэмд хандан цэргийн бүхий л ажиллагааг зогсоохыг уриалсан байна.
Засгийн эрхээ алдсан иргэний засаг захиргааг төлөөлж байгаа үндэсний нэгдлийн засгийн газар ням гарагаас тус улсын зэвсэгт хүчин гамшигт өртсөн бүс нутагт цэргийн давшилтын ажиллагаагаа хоёр долоо хоногийн хугацаанд түр зогсоож буйгаа мэдэгдсэн.
Хүмүүнлэгийн тусламжийг хааж байна
Мьянмарт аврах ажиллагаа үргэлжилж байна. Газар хөдөлсний дараахан цэргийн дэглэмийн удирдагч Мин Аун Хлайн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан тусламж хүссэн билээ. Тэрбээр “Бүх улс орон, байгууллага, хүн бүрээс туслахыг хүсэж байна” гэж дэлгэцээр хандаж, гаднын тусламж хүлээн авах бүхий л замыг нээсэн гэж мэдэгдэж байв.
Гэтэл хүмүүнлэгийн тусламжийг иргэний дайнд өөрт ашигтайгаар ашиглах вий гэсэн болгоомжлол байна. Мьянмарын цэргийнхэн эртнээс ийм практикийг ашиглаж ирсэн. Өмнөх хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааны үеэр цэргийнхэн тусламж үзүүлэх бүхий л замыг хааж, хүмүүнлэгийн ажилтнуудыг хүртэл баривчилж байсныг НҮБ-ын тусгай илтгэгч Том Эндрюс сануулжээ. “Өнгөрсөн үеийн хүмүүнлэгийн болон байгалийн гамшгийн туршлагаас үзвэл цэргийн дэглэм үнэнийг нуудгийг бид мэддэг болсон Цэргийн дэглэмд хамгийн их шаардлагатай байгаа газарт хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлэх ажиллагаанд саад учруулдаг зуршил ч бий” гэжээ.
Гамшгийн үр дагавартай тэмцэж буй эмч нарын ярьснаар, цэргийн дэглэм тусламжийг хэдийн хааж, боож эхэлсэн байна. Энэ тухай Мандалай хотод ажиллаж байгаа Австралийн хоёр эмч “Guardian” хэвлэлд ярьжээ.
Нанг Вин эмчийн хэлснээр, хүмүүнлэгийн тусламжийн ихэнх хэсэг хэрэгтэй хүндээ очоогүй. Мандалай хотын зарим дүүрэгт тусламж огт хүрээгүй. Цэргийнхэн хураан авсан гэжээ.
Мьянмарт АНУ, Европын Холбоо, Энэтхэг, Хятад, ОХУ зэрэг улс орон АСЕАН хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, зарим нь аврагч, эмч нараа илгээгээд байгаа билээ.
Мэдээллийн хомстол
Цэргийн дэглэм газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, бэртэж гэмтсэн болон сураггүй алга болсон хүмүүсийн талаар мэдээлж байгаа ч энэхүү мэдээлэл нь бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг хэлэх боломжгүй. Тус улсад иргэний дайн үргэлжилж байгаа тул Мьянмараас ямар нэгэн мэдээлэл авахад туйлын хүндрэлтэй байна.
2021 онд цэргийн эргэлт гарсны дараа цэргийнхэн тус улсыг удирдаж байгаа бөгөөд цэргийн дэглэм гамшгийн цар хүрээг нуудаг түүхтэй. Үүний сацуу, төр нь бүх радио, телевиз, хэвлэл болон цахим мэдээллийн хэрэгслүүдийг хянадаг. Facebook, Instagram, Х сүлжээ зэрэг олон нийтийн сүлжээ хаагдаад олон жил болж байна. Олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгүүлчдийг мөрдөх ажиллагаа идэвхтэй явагддаг. VPN үйлчилгээг ашигласан хүмүүсийг зургаан сар хорих, торгууль ногдуулах зэргээр шийтгэдэг.
Байгалийн гамшигт өртсөн бүс нутагт үүрэн утасны сүлжээ тасалдаж байгаагийн дээр олон арван мянган хүн цахилгаангүй байгаа тул холбоо барихад хүндрэлтэй байгаа аж.
Гаднын сэтгүүлчдийг тус улс руу нэвтрүүлэх нь ховор. Газар хөдлөлтийн дараа цэргийн дэглэм байгалийн гамшгийн үр дагаврын талаар сурвалжлаг хийх гаднын сэтгүүлчдэд виз олгохгүй хэмээн мэдэгдсэн. Тэдний аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж тайлбарлажээ.
Мьянмарыг хэн хянадаг вэ?
Мьянмарт төрийн эргэлт гарсны дараа 2021 онд иргэний дайн эхэлсэн. Төрийн эргэлт гарснаас хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж, олон мянган хүн гудамжинд гарч, иргэний засгийн газрын үйл ажиллагааг сэргээхийг шаардаж байлаа. Цагдаа нар болон цэргийнхэн жагсагчдын эсрэг буу, зэвсэг хэрэглэж байв.
Хэдэн жилийн дараа цэргийн дэглэм босогчдын бүлэглэлүүдэд хуваагдсан тус улсын ихэнх нутгийг хяналтаасаа алджээ.
Төрийн эргэлт гарснаас хойш дөрвөн жилийн дараа цэргийн дэглэмийн хяналтад тус улсын нутаг дэвсгэрийн дөнгөж дөрөвний нэг хувь л үлдээд байна. Босогчдын бүлэглэлүүд тус улсын газар нутгийн 42 хувийг хянаж байгаа бөгөөд үлдсэн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маргаантай хэвээр байна.
Цэргийн дэглэм агаарт давуу хүчтэй байгаа тул босогчдын бүлэглэлүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаа юм.
Байгалийн гамшгийн голомт болсон Сайган мужийг одоогоор ардчиллын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүд хянаж байна.
Сэтгэгдэл ( 0 )