АНУ Мьянмарын цэргийнхнийг "Рохинжачуудыг хоморголон устгасан" гэж буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

АНУ Мьянмарын цэргийнхэн рохинжа үндэстнүүдийг үй олноор хоморголон устгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

АНУ-ын дүгнэснээр, Холокостоос гадна үй олноор хоморголон устгах гэмт хэрэг долоон удаа бүртгэгдэж байв. Өнөөдөр найм дахь нь. Мьянмарын Зэвсэгт хүчин рохинжа үндэстнүүдийг үй олноор хоморголон устгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтэд хүрч байна гэж Блинкен онцлов.

Тэрбээр Мьянмарын цэргийнхнийг рохинжа нарыг үй олноор хөнөөж, тэдний тосгодыг устгах, тамлан зовоож, хүчирхийлж, дүрвэхэд хүргэсэн хэмээн буруутгажээ. Рохинжа үндэстний цөөнх нь XIX зууны эхээр, ХХ зууны эхээр Британийн колоничлогчид Мьянмарын Ракхайн мужид нүүлгэн суурьшуулсан бенгал угсаатнууд юм. Ихэнх рохинжачууд Мьянмарын иргэншилгүй. Учир нь Мьянмарын эрх баригчид тэднийг хууль бус цагаачид гэж үздэг байна.

2012 онд Ракхайны уугуул иргэдтэй шашин, угсаатны мөргөлдөөн үүссэний дараа рохинжачууд Мьянмараас дүрвэн гарч эхэлжээ. 2015 онд 25 мянга гаруй рохинжа Тайланд, Малайз, Индонез зэрэг улс руу далайгаар дүрвэхийг оролдсон ч тус гурваны улсын эрх баригчид тэднийг зогсоох ажиллагаа явуулжээ. 2017 онд Мьянмарын Зэвсэгт хүчин Ракхайн мужийг рохинжа үндэстнээс цэвэрлэх ажиллагаа явуулах үеэр 700 мянга гаруй рохинжа Бангладеш руу зугтан гарч, өнөөг хүртэл дүрвэгсдийн хуаранд орогнож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top