Мьянмарын хүчнийхэн өнгөрсөн бямба гарагт тус улсын 44 хот сууринд нэгэн зэрэг болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 114 энгийн иргэн, тэр дундаа зургаан хүүхдийн амийг хөнөөсөн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Улс төрийн хоригдлуудын дэд холбооны мэдээллээр, тус улсад цэргийн эргэлт гарсан энэ оны хоёрдугаар сарын 1-ээс хойших хугацаанд дор хаяж 423 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн бямба гарагт 10-16 насны зургаан хүүхэд амиа алджээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишел Бачелет, НҮБ-ын Геноцидоос урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Элис Ндериту нар мэдэгдэлдээ өнгөрсөн бямба гараг цэргийн эргэлтийн эсрэг жагсаал өрнөснөөс хойш тохиосон хамгийн цуст өдөр боллоо гэж онцолжээ.
Тэд цэрэг, цагдаагийнхны гүйж буй жагсагчид руу гал нээж, бяцхан хүүхдүүдэд хүртэл өршөөлгүй хандаж байгаа ичгүүргүй, аймхай бөгөөд хэрцгий үйлдлийг зогсоох ёстой гээд АСЕАН болон олон улсын хамтын нийгэмлэгийг Мьянмарын ард түмнийг хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )