АНУ-д алдарт “Титаник” хөлөг онгоцноос урт “SS United States” Трансатлантын зорчигч тээврийн хөлөг онгоцыг зориудаар живүүлсэн тухай Associated Press агентлаг мэдээллээ.
Хөлөг онгоцыг энэ сарын 11-ний өдөр Мексикийн булан дахь Флоридагийн эрэг орчимд живүүлсэн байна. Энэхүү ажиллагаа хэдэн цаг үргэлжилжээ. Хөлгийг тэгш живүүлэхийн тулд их биеийг нь аажмаар усаар дүүргэсэн бөгөөд орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд Дестин хотын ойролцоох 55 метр орчим гүнд бүрэн живсэн байна. Ажиллагаанд тэсрэх бодис ашиглаагүй бөгөөд живүүлэхийн өмнө хөлөг онгоцноос түлш, цахилгааны утас болон байгаль орчинд аюул учруулж болзошгүй бусад материалыг авчээ.
Уртаараа 302 метр энэхүү хөлөг нь “Титаник” хөлгөөс 33 метрээр урт юм. 13.5 сая ам.долларын өртөгтэй уг төслийн хүрээнд хөлөг онгоцыг дэлхийн хамгийн том хиймэл усан доорх хад болгон ашиглахаар зорьж байна. Эл хөлөг нь туна буюу алтан жад загас, марлин болон сэлэм загасны амьдрах орчин болж, шумбагчид болон загасчлал сонирхогчдын анхаарлыг татах аж.
“SS United States” хөлөг онгоц 1952 онд далайд гарч, Атлантын далайг гаталсан анхны аяллаараа зорчигч тээврийн хөлөг онгоцнуудын хурдны дээд амжилтыг тогтоож байв. Нийтдээ Атлантын далайг 800 гаруй удаа гаталсан уг хөлгийг 1969 онд ашиглалтаас гаргажээ. 1996 оноос хойш Филаделфи хотын боомтод бараг гучин жил зогссон бөгөөд түүнийг зочид буудал эсвэл музей болгон ашиглах хувилбаруудыг хэлэлцэж байсан ч хэт өндөр өртөгтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )