Гаалийн 71 албан тушаалтанд холбогдох 25 хэргийг шалгаж, 212.7 сая төгрөгийн хахуулийг хураан авчээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 212.7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авчээ. Мөн 405 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сард улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөн хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.

Эдгээр 25 эрүүгийн хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогдсон байна.

Одоогоор 20 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс 17 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бол нэг хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, гурван хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Харин дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 212.7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авч, АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулсан байна. Түүнчлэн 405 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, улсын орлого болгуулах саналтайгаар холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top