Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүдээс угаарын хийн хэмжээ нэмэгдсэн тухай дуудлага ганцхан шөнийн дотор 40.7% нэмэгдсэн байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэдээллээс харвал XI сарын 11-12-нд шилжих шөнө нэгдсэн хяналтын төвд 114 өрхөөс угаарын хийн дуудлага авчээ. Улмаар дуудлага нэг бүрд холбогдох арга хэмжээ авч, 342 иргэнийг болзошгүй эрсдэлээс сэргийлжээ.
Хүйтний улиралд гэр хорооллын өрхүүдийн галлагаа нэмэгдэхийн хэрээр зуух, пийшин, яндангийн аюулгүй байдал онцгой чухал болдог. Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл нь өнгө, үнэргүй тул хүний мэдрэхүйгээр илрүүлэх боломжгүй. Иймээс угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаа, яндангийн таталт, зуухны битүүмжлэл нь хордлогоос урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй юм.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс иргэдэд алсын зайнаас мэдээлэл дамжуулдаг INTUM угаарын хий мэдрэгч болон төвд холбогдох гар утсаа тогтмол асаалттай байлгахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )