Угаар мэдрэгчийн батарейг салгах нь УГААРТАХ эрсдэл болж байна гэв

2020 оны 09 сарын 15

Нийслэлийн утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд өнгөрсөн жилээс сайжруулсан шахмал түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Тухайн үед шинэ зүйлтэй дасан зохицож амжаагүй иргэд угаартаж, амь насаа алдах тохиолдол багагүй гарсан.

Тиймээс энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанитай  хамтран гэр хорооллын айл өрхүүдийн янданг хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэл гэр байшингаа дулаалсан байдлыг шалгаж, угаар мэдрэгчийг ажиллаж буй болон галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж буй.

Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байгаа учраас иргэд гэр, байшиндаа галлагаа хийж эхэлсэн. Харамсалтай нь энэ өдрүүдэд 70 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авсан байна. Угаарт өртөж байгаа гол шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдлаас болж байгааг албаны хүн хэлж байна.

 

Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартсан байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй шалтгаан хэлж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна” хэмээлээ.

 

2019-2020 оны өвөл нийслэлийн  хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг  яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Иймд иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаар хий мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг сайтар шалгах, зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй байгааг албаныхан зөвлөж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан бөгөөд агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулах ажлыг хийж байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх кампанит ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий (66.181.161.115) 2020 оны 09 сарын 15

Холбоо барих дугаараа явуулаарай залгая утаа мэдрэгч ажиллахгүй байна

0  |  0
Ч,Л,12 хороо (66.181.161.115) 2020 оны 09 сарын 15

Танай энэ утаа мэдрэгчийг засдаг газар байна уу ямар шалтгаангүй гал түлээгүй байхад эвгүй дуугарч ажиллахгүй байна шалтаг шалтгааныг олмоор байна зөвөлгөө авах арга чарга байна уу холбоо барих дугаараа өгөөч

0  |  0
Top