ТӨСӨВ-2027 | Төсвийг ТОЛЬДЪЁ

Б.Сэцэн | Zindaa.mn
26 минутын өмнө

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн баталлаа. Батлагдах хүртлээ олон зовлон туулсан ирэх оны төсвөөс онцолж харах ёстой хэдэн зүйлсийг та бүхэнд хүргэе.

Нийгмийн халамж

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 562 мянган хүний тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ. Мөн 2026 оны арваннэгдүгээр сард олгож эхэлсэн суурь тэтгэврийг ирэх онд үргэлжлүүлэн бүтэн жилээр олгоно. Ингэснээр 430 мянган ахмад сар бүр 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж мөн 600 мянган төгрөгт хүргэнэ.

Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг мөн 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөгт хүргэнэ.

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлнэ. Энэ шийдвэрт 211 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.

Боловсролын салбар

Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхэлнэ. Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барина. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6 болон 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.

Эрүүл мэндийн салбар

Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ.

Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ.

Эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлнө.

Бизнес эрхлэгчдийг дэмжих

Жилийн борлуулалтын орлого нь хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх жижиг, дунд бизнесийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Өмнө нь энэ хөнгөлөлт нэг тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжид хамаардаг байсан.

Мөн жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 25 хувиас 15 хувь болгож бууруулна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж бүрдүүлнэ.

Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь татвар, шимтгэлийн дарамтыг бууруулж байна. Татварын хөнгөлөлтөөр зогсохгүй, жижиг, дунд бизнес болон дундаж орлоготой иргэдийг дэмжихэд шинээр 1.1 их наяд төгрөгийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж, зургаан мянга гаруй бизнес эрхлэгчид жилийн 10 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор зорьж байна.

Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх төхөөрөмж, нарны зайн хавтан зэрэг ногоон технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, цахилгаан автомашины цэнэглэх өртөө байгуулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Зам тээвэр, эрчим хүч

Зам тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилт хийнэ.

Авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлэх зорилт тавьсан. Увс, Ховдыг холбох 163 километр, Завхан, Говь-Алтайг холбох 198 километр авто замын төслүүдийг үргэлжлүүлнэ. Эдгээр зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих нөхцөл сайжирч, ачаа тээврийн зардал буурч, орон нутгийн бизнес, худалдаа хөгжих боломж нэмэгдэнэ.

зардал буурч, орон нутгийн бизнес, худалдаа хөгжих боломж нэмэгдэнэ.

Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлнэ. Цахилгаан станц, дамжуулах шугамын төслүүдийг урагшлуулж, ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар хот болон орон нутгийн цахилгаан, дулаан хангамжийг сайжруулахад анхаарна.

Мөн Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ.

Боомт, зам, төмөр зам, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл, экспорттой уялдуулна.

Орон сууц

Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна. Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан.

Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.

Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно.

Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top